АНУ-ын засгийн газрын хуучин албан тушаалтныг Виржиниа муж дахь гэрээс нь 40 сая ам.доллараас давсан үнэ бүхий олон зуун алтан гулдмай илрүүлсний дараа баривчилжээ.
Шүүхийн материалд дурдсанаар, David Rush өнгөрсөн жилийн хугацаанд эдгээр алтан гулдмайг “ажилтай холбоотой зардал”-д ашиглах зорилгоор өөрт нь олгохыг АНУ-ын засгийн газраас удаа дараа хүсэж байсан байна. Түүнд төрийн хөрөнгийг эрүүгийн журмаар завшсан гэх хэрэгт ял тулгажээ.
The New York Times-ийн мэдээлснээр, Rush саяхныг хүртэл CIA-д өндөр албан тушаал хашиж байжээ.
Түүнийг баривчилж, энэ долоо хоногт болох шүүхийн хэлэлцүүлэг хүртэл цагдан хорьж байна. Түүний өмгөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.
Нэгжлэгийн үеэр агентууд Rush-ийн гэрээс мөн 2 сая орчим ам.доллар буюу 1.5 сая фунт стерлингийн бэлэн мөнгө, түүнчлэн 35 тансаг зэрэглэлийн бугуйн цаг илрүүлсэн байна. Эдгээрийн олонх нь Rolex брэндийн цаг байжээ.
Шүүхийн материалд дурдсанаар, Rush “маш нууц” зэрэглэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй, мөн нууц мэдээлэлд хандах боломжтой байсан аж. Мөн түүнийг төрийн албанд орох үедээ боловсрол, цэргийн албаны талаарх мэдээллээ худал мэдүүлсэн, түүнчлэн цэргийн чөлөөг хуурамчаар бүрдүүлж, олон мянган ам.долларын төлбөр авсан гэж буруутгаж байна.
Шүүхийн баримт бичгүүдэд Rush-ийг Виржиниа муж дахь АНУ-ын засгийн газрын байгууллагын хуучин өндөр албан тушаалтан гэж тодорхойлжээ.
Rush-ийн хэргийн талаар FBI бичгээр хийсэн мэдэгдэлдээ, CIA-аас ирүүлсэн мэдээллийн дагуу тавдугаар сарын 19-нд нэг хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.