Өмнөд Солонгосын Кёнги мужийн Соннам хотод олон машин давхралдан мөргөлдсөн ослын улмаас 57 хүн гэмтжээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өглөө автобус гэрлэн дохио хүлээн зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөр уг осол эхэлсэн байна.
Осол өглөөний 07:34 цагийн орчимд, хөдөлгөөн ихтэй Бундан уулзварын ойролцоо гарчээ. Бэртсэн хүмүүсийн 55 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Тоормозны гэмтэлтэй байсан байж болзошгүй
Мөргөлдөөнд нийт 32 тээврийн хэрэгсэл өртсөнөөс дөрөв нь автобус, 27 нь суудлын автомашин, нэг нь ачааны машин байжээ.
Осол гаргасан автобусны тоормозны систем доголдсон байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг гарсан байна. Гэхдээ ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Ослын талбай 100–150 метр үргэлжилжээ
Аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд онцгой байдлын 88 алба хаагч, 33 автомашин дайчлагдсан байна. Олон тээврийн хэрэгсэл дараалан мөргөлдсөнөөс ослын хамрах хүрээ 100–150 метр орчимд үргэлжилжээ.
Гэмтсэн автомашинуудыг тухайн өдрийн 15:30 цаг гэхэд замаас зайлуулсан байна.
Эх сурвалж: The Korea Herald