“Оюу Толгой” ХХК-аас авсан 20 сая ам.доллартай холбоотой асуудал болон 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдан авсан хэрэгт АТГ-ын анхааралд өртөж, 48 цаг саатуулагдан суллагдахдаа хилээр гарахыг хязгаарлуулах арга хэмжээ авхуулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүнийг томилохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Тэлмүүн өнөөдөр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авчээ.
Эргэн сануулахад, “Эрдэнэс Монгол” ХХК-аас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК дахь Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан юм. Уг шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтын дүнгээр оролцогчдоос Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авсан аж. Тэрбээр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр ажиллах юм. Мөн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал болон засаглалыг бэхжүүлэх чиглэлд баг хамт олонтойгоо хамтран ажиллахаар болжээ.