Сөүл хот дэлхийн технологийн зах зээлд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх зорилгоор хагас дамжуулагчийн салбар болон хиймэл оюуны чадавхыг нэмэгдүүлэхэд 880 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар шийдвэрлэжээ. Ирэх жилүүдэд хэрэгжих энэхүү аварга төлөвлөгөө нь тус улсын технологийн экосистемийг бүхэлд нь шинэчлэхэд чиглэж байна. Тухайлбал, уг хөрөнгө оруулалтыг Өмнөд Солонгосын зүгээс “Гурван мега төсөл”-ийнхөө хүрээнд дараах чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөжээ:
- Шинэ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах
- Мэдээллийн орчин үеийн төвүүдийг хөгжүүлэх
- Робот техникийн салбарын дэвшлийг дэмжих
Даваа гарагт болсон шууд дамжуулалтын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён энэхүү хөтөлбөрийг албан ёсоор танилцуулсан бөгөөд энэ нь зөвхөн технологийн бус, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. Одоогийн байдлаар тус улсын өндөр технологийн голлох үйлдвэрүүд Сөүл орчимд хэт төвлөрөөд байгаа тул нийслэлээс алслагдсан мужуудын эдийн засгийг сэргээж, тэнд хиймэл оюун ухааны дэд бүтцийн шинэ төвүүдийг барихаар зорьж байна.
Дэлхий даяар хиймэл оюуны хэрэглээ өсөхийн хэрээр микрочипийн эрэлт огцом нэмэгдэж буй энэ үед Тайвань, Хятад, Япон зэрэг бүс нутгийн гол өрсөлдөгчид ч өндөр технологи, чипийн үйлдвэрлэлдээ асар их хөрөнгө хаяж байгаа юм. БНСУ-ын уг алхам нь эдгээр улсуудтай өрсөлдөх чадвараа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. “Бид хиймэл оюун ухааны гол суурь технологиудыг бусад орноос илүү хурдан хөгжүүлэх ёстой. Хагас дамжуулагч, бодит орчинд ажиллах хиймэл оюун ухаан, хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүд нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах гурван гол тулгуур юм” гэж И Жэ Мён мэдэгджээ.
Уг мега төслийг танилцуулах телевизийн шууд нэвтрүүлэгт тус улсын чип үйлдвэрлэлийн салбарын аваргууд болох Samsung болон SK Hynix компанийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Дэлхийн хиймэл оюуны чипийн зах зээлийг тэргүүлэгч Nvidia зэрэг гигантуудад бүтээгдэхүүн нийлүүлдэг Samsung болон SK Group нь AI-ийн дэд бүтцийн хөрөнго оруулалтын өсөлтөөс хамгийн их ашиг олж буй талууд юм. Үүний зэрэгцээ АНУ-ын технологийн салбарын гол тоглогчид болох Google, Amazon, Meta зэрэг томоохон компаниуд энэ онд хиймэл оюун ухааны технологид нийт 650 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа хэдийнэ зарлаад байна.