COP17-ийн дээд түвшний парламентын форум эхэллээ: Амлалтыг бодит ажил болгохыг уриалав

Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг парламентын манлайллыг хэлэлцэж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дээд түвшний парламентын форум эхэллээ. Форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь парламентын гишүүд, улс төрийн өндөр түвшний манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хэрхэн түргэсгэх, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг улс орнуудын хариу арга хэмжээг хууль, төсөв, хяналтын түвшинд хэрхэн бэхжүүлэх талаар ярилцах зорилготой юм.

УИХ-ын дарга COP17-ийг Монголд зохион байгуулж буйг онцлов

Форумыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж үг хэллээ. Тэрээр COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь зөвхөн нэр төрийн хэрэг бус, дэлхийн эмзэг экосистем болон нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг тэмдэглэв.

Мөн тэрбээр парламентын түвшний энэ уулзалт нь энгийн нэг хэлэлцүүлэг биш, харин тунхаг төдий амлалтаас татгалзаж, хууль эрх зүй, төсөв санхүүгийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ хамгаалах хамтын шийдвэр гаргах чухал индэр болохыг онцолсон байна.

УИХ-ын даргын хэлснээр, парламентын баталж буй хууль, төсөв бүр хүн ба байгалиа хамгаалахад чиглэх ёстой. Түүнчлэн парламентын хяналт нь зөвхөн тайлан сонсоод өнгөрөх бус, бодит үр дүн шаардах хэрэгсэл байх шаардлагатай гэж үзжээ.

Уур амьсгалын зорилтыг хуулиар баталгаажуулж байна

Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг зөвхөн тунхаглалын түвшинд үлдээхгүй, хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулах алхам хийж байгааг С.Бямбацогт онцолсон байна.

Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан бөгөөд Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байгаа аж. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт ажиглагч бус, бодит шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг тэрээр тодотгожээ.

“Үр дүнгийн платформ” болон ногоон эрчим хүчний реформыг танилцуулав

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ парламентын хяналтыг шинэ шатанд гаргах зорилгоор байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлж байгааг дурдав.

Мөн айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, Монгол Улс уур амьсгал, ус, газар, бэлчээрийг тус тусад нь бус, нэгтгэсэн том тогтолцооны хүрээнд харж, манлайллаа бодит үйлдлээр батлахыг зорьж байна.

Форумын төгсгөлд гарах зөвлөмж, аргачлалыг зөвхөн бичиг баримт хэвээр үлдээхгүйгээр улс орнууд өөрийн хууль, бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг С.Бямбацогт уриалжээ.

UNCCD-ийн төлөөлөл Монголын зохион байгуулалтыг өндрөөр үнэлэв

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлсэн байна.

Тэрээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж байгааг тэмдэглэв. Мөн парламентын түвшний энэхүү дээд хэмжээний чуулга өргөн хүрээнд болж байгаа нь шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломж бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

1.2 тэрбум гектар газрын амлалтын зөвхөн 20 хувь биелжээ

Мурали Туммарукуди дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар газрыг нөхөн сэргээх амлалт авсан талаар дурдсан байна. Гэвч өнөөгийн байдлаар үүний 20 хувь буюу 200 сая гектар орчим газрыг л нөхөн сэргээгээд байгаа аж.

Иймээс парламентын түвшний дээд форум зохион байгуулж, амлалтыг бодит ажил болгох улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрээр онцолжээ.

Тэрбээр УИХ болон шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэх олон асуудал байгааг дурдсан ч Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Панел хэлэлцүүлэг үргэлжилж байна

Форумын хүрээнд “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” сэдэвт панел хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэхүү форумоор цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг улс орнуудын амлалтыг үндэсний бодлого, хууль, төсөв, парламентын хяналтын бодит механизм болгон хэрэгжүүлэх чиглэлд санал солилцож байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу