Цөлжилтийн шинэчилсэн атласыг COP17-ын үеэр танилцуулав
Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлсэн Цөлжилтийн шинэчилсэн атлас-ыг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын үеэр танилцууллаа.
Шинэчилсэн атласын үр дүнгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн байна.
1991-2025 оны мэдээлэл, хиймэл дагуулын өгөгдлийг ашиглажээ
Атласыг боловсруулахдаа ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991-2025 оны түүхэн мэдээллийг ашигласан байна.
Мөн дэлхийн хэмжээний ажиглалтын мэдээлэл, уур амьсгалын давхар боловсруулсан өгөгдөл, хиймэл дагуул болон зайнаас тандан судлалын мэдээлэлд тулгуурлажээ. Ингэснээр Монгол орны газрын доройтол, уур амьсгал, хөрс, ус, ургамлын төлөв байдлыг илүү нарийвчлалтай үнэлэх боломж бүрдсэн байна.
Монгол орны дундаж температур 2.5°C-аар нэмэгджээ
Судалгааны үр дүнгээр Монгол орны жилийн агаарын дундаж температур 1941-2025 оны хооронд 2.5°C-аар нэмэгдсэн байна.
Нийт нутаг дэвсгэрийн 72.6 хувьд 1.2-1.6°C-ийн дулааралт ажиглагджээ. Харин хур тунадасны хувьд газар нутгийн 49.7 хувьд, голчлон баруун хэсгээр буурах хандлага илэрсэн байна. Үлдсэн 50.3 хувьд, голчлон зүүн хэсгээр хур тунадас нэмэгдэх төлөв ажиглагджээ.
Нутаг дэвсгэрийн 53.5 хувьд ган эрчимжих хандлагатай байна
Ган, хуурайшлын үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 51.1 хувь нь хуурай болон хуурайшилт давамгайлсан нөхцөлтэй байна.
Харин 48.9 хувь нь чийглэг болон хангалттай чийглэг нөхцөлтэй гэж үнэлэгджээ. Хуурай нөхцөлтэй газар нутгийн 25.3 хувь нь нэн хуурай ангилалд багтсан байна.
Гангийн индексээр авч үзвэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.
Хөрсний элэгдэл, чийгийн бууралт ноцтой түвшинд хүрчээ
Хөрсний төлөв байдлын үнэлгээгээр усаар их хэмжээгээр элэгдэж, эвдэрсэн хөрс нийт талбайн 54.8 хувийг эзэлж байна.
Мөн салхины элэгдэл жилд 0.16-1.25 тонн/га хэмжээнд хүрсэн газар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 34.3 хувийг эзэлжээ.
Анхаарал татах өөр нэг үзүүлэлт нь хөрсний чийгийн бууралт юм. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн бөгөөд үүний 44 хувьд маш их хэмжээгээр буурах төлөв ажиглагдсан байна.
Гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна
Усны нөөцийн үнэлгээгээр Монгол орны нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурах хандлага илэрчээ.
Усны чанарын хувьд гол мөрний 67.5 хувьд өөрчлөлт бага байсан бол 28.6 хувьд усны чанар буурсан байна. Харин 3.9 хувьд усны чанар сайжирсан үзүүлэлт гарчээ.
Ургамлын бүтээмж зарим бүсэд өссөн байна
Ургамлын бүтээмжийн хувьд Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сум болон нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газарт өсөх хандлага ажиглагдсан байна.
Эдгээр бүс нийт нутаг дэвсгэрийн 8.4 хувийг эзэлжээ.
Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээ
Шинэчилсэн атласын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.
Үүнээс:
- 0.9 хувь — нэн хүчтэй
- 6.2 хувь — хүчтэй
- 42.9 хувь — дунд
- 31.9 хувь — сул
- 18.1 хувь — цөлжилт, газрын доройтол илрээгүй
Энэ үзүүлэлт нь Монгол орны газар нутагт цөлжилт, доройтлын асуудал өргөн хүрээнд нөлөөлж байгааг харуулж байна.
Үндэсний тайлангийн суурь мэдээлэл болно
Шинэчилсэн атласын газрын бүрхэвчийн 12 ангиллын зураглал, ган болон ургамлын төлөв байдлын зураглал нь Монгол Улсаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод хүргүүлэх 2026/2027 оны цөлжилт, газрын доройтлын үндэсний тайлангийн суурь мэдээлэл болох юм.
Мөн энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгын SDG 15.3.1 үзүүлэлтийг үндэсний түвшинд үнэлэх боломжийг бүрдүүлнэ.
Ингэснээр Монгол Улсын тайлан, судалгааг олон улсын ерөнхий өгөгдөлд тулгуурласан Tier 1 аргачлалаас үндэсний мэдээлэл, тооцоололд суурилсан Tier 2 түвшинд шилжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.