Дээрэлхүүлж байсан Панч сармагчин одоо “босс” болжээ

Японы амьтны хүрээлэнгийн бяцхан сармагчин Панчийн түүх өмнө нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан. Тэрээр өнгөрсөн оны долоодугаар сард төрсөн ч харамсалтай нь эх нь түүнийг голсон байна.

Эхийн халамжгүй үлдсэн Панчид тайвшрах, өөрийгөө аюулгүй мэдрэх ямар нэгэн зүйл хэрэгтэй байжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд янз бүрийн тоглоом, эд зүйл санал болгосон ч Панч өөрөө орангутаны зөөлөн тоглоомыг сонгосон байна.

Түүнээс хойш тэр тоглоомоо хаашаа ч явсан чирч авч явдаг болсон. Том сармагчнууд тоглоомыг нь булаах гэж оролдох үед Панч үхэн хатан хамгаалдаг байжээ. Түүний энэ түүх олны анхааралд орж, Панчийн тухай богино хэмжээний хүүхэлдэйн кино хүртэл гарсан байна.

Эхэндээ олон хүн “хөөрхий амьтан”, “яаж том болно доо” хэмээн санаа зовж байв. Учир нь Панч эхийн хамгаалалтгүй, бусад сармагчнуудаас жижиг, эмзэг харагддаг байсан юм.

Гэвч саяхан амьтны хүрээлэнд очсон хүмүүс Панчийн амьдралд том өөрчлөлт гарсныг анзаарчээ. Тэр одоо бусдадаа дээрэлхүүлдэг жижигхэн сармагчин биш болсон байна.

Панч өсөж томрон, хүрээлэнгийнхээ жинхэнэ “босс” шиг төрхтэй болжээ. Тэр амандаа өвс зажилж, газар тайван хэвтэж байхад бусад сармагчингууд түүний биеийг маажиж, хөлийг нь базаж байгаа дүр зураг ажиглагдсан байна.

Ийнхүү нэгэн цагт хамгаалалт, халамж хамгийн их хэрэгтэй байсан бяцхан Панч одоо сүргийнхээ дунд өөртөө итгэлтэй, хүчтэй байр суурьтай болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу