Хятадын судлаачид үндэсний сансрын станц “Тяньгун”-д нийт 14 төрлийн ургамлын 20 гаруй сортыг амжилттай ургуулжээ. Энэ талаар Тяньжин хотод болсон Бүх Хятадын Сансрын анагаах ухаан, инженерчлэлийн бага хурлын үеэр тус улсын Сансрын нисгэгч бэлтгэх шинжлэх ухаан, судалгааны төвөөс мэдээлсэн байна.
Туршилтын хүрээнд улаан буудай, төмс, лууван, салатны навч, наранцэцэг зэрэг хүнсний болон хөдөө аж ахуйн ургамлыг сансрын орчинд тариалжээ.
Хөрс болон аэропоник хоёр аргыг зэрэг туршиж байна
Судлаачид ургамал ургуулахдаа хоёр өөр төрлийн систем ашиглаж байгаа аж. Эхнийх нь 2025 онд сансрын станцад хүргэсэн уламжлалт субстрат буюу хөрс орлуулагч материалтай төхөөрөмж юм.
Харин нөгөө нь аэропоник технологи бөгөөд ургамлыг хөрсөнд суулгахгүйгээр үндсийг нь агаарт байлгаж, шим тэжээлтэй уусмалыг мананцар хэлбэрээр цацан ургуулдаг. Энэ арга нь ус болон шим тэжээлийг илүү үр ашигтай ашиглах боломжтойгоороо онцлог байна.
Улаан буудайг үрээс ургац хүртэл бүрэн мөчлөгөөр ургуулжээ
Судалгааны төвийн мэргэжилтэн Бянь Чяны мэдээлснээр эрдэмтэд улаан буудайг үрээс нь эхлэн тариалж, боловсорсны дараа ургацыг нь хураах хүртэлх бүтэн мөчлөгийг сансрын станцад амжилттай хэрэгжүүлсэн байна.
Үүгээр ч зогсохгүй эхний ургацаас авсан үрийг дахин тариалж, хоёр дахь үеийн ургацыг авч эхэлжээ. Энэ нь сансрын орчинд ургамлыг нэг удаа тариалахаас гадна үржүүлж, дараагийн ургацыг тасралтгүй авах боломжийг судлахад чухал ач холбогдолтой юм.
Урт хугацааны сансрын нислэгт хүнсээ өөрсдөө үйлдвэрлэнэ
Энэхүү туршилт нь CELSS буюу Экологийн амьдралыг хяналттай дэмжих системийг хөгжүүлэх томоохон судалгааны нэг хэсэг юм.
Уг систем нь сансрын хөлөг болон станц дахь агаарыг сэлбэх, усыг дахин ашиглах, хүнсний тодорхой хэсгийг газар дээрээс тээвэрлэхгүйгээр сансарт үйлдвэрлэх зорилготой.
Бянь Чян:
“Сансарт удаан хугацаагаар байх нөхцөлд дэлхийгээс хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийг тогтмол тээвэрлэн хүргэхээс хамааралт байдлыг бууруулах шаардлагатай. CELSS нь багийн гишүүд хэрэгцээгээ өөрсдөө хангаж чадах экосистем бий болгох технологи юм”
гэжээ.
Саран дээрх ирээдүйн баазад ашиглаж магадгүй
Сансарт ургамал тариалах технологи нь зөвхөн одоогийн тойрог замын станцад хэрэглэх шийдэл биш юм. Бянь Чяны хэлснээр CELSS технологийг ирээдүйд Саран дээр судалгааны бааз байгуулах үед ч ашиглах боломжтой.
Хэрэв ийм системийг өргөн хүрээнд хөгжүүлж чадвал сансрын нисэгчид агаар, ус болон хүнсний хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг хаалттай орчинд өөрсдөө нөхөн үйлдвэрлэх боломжтой болох юм.