Интернэтэд бүрэн хориг, телевизэд 21:00 цагаас хойш зөвшөөрнө
Их Британид “харьцангуй эрүүл бус” хоол хүнсийг хүүхдэд чиглүүлэн сурталчлахыг хязгаарласан шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд интернэт орчин дахь ийм төрлийн зар сурталчилгааг бүрэн хориглож, харин телевизийн сувгуудаар зөвхөн оройн 21:00 цагаас хойш үзүүлэхийг зөвшөөрөх зохицуулалт үйлчилж байна.
Энэхүү арга хэмжээг “хамгийн эрүүл хүүхдүүдийг өсгөхөд нь эцэг эхчүүдэд тусална” гэсэн эрх баригчдын амлалтын нэг хэсэг гэж Их Британийн засгийн газрын албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтлэгдсэн хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Ямар бүтээгдэхүүнүүд хамрагдаж байгаа талаар
The Guardian сонинд мэдээлснээр, хязгаарлалт нь их хэмжээний сахар, өөх тос, давстай 13 төрлийн бүтээгдэхүүнд хамаарна. Үүнд нэмэлт сахар агуулсан ундаа (йогурт зэрэг сүүн бүтээгдэхүүн орно), чипс, давстай крекер, бялуу, эрдэнэ шишийн цардуултай өглөөний “бэлэн” хоол, попкорн, шоколад, бохь, зайрмаг, сахар агуулсан нарийн боов талх, пицца, мөн хөлдөөсөн хоол зэрэг оржээ.
Шинэ зохицуулалтаар үйлдвэрлэгчид телевиз, интернэтээр “хүүхдийн цаг” буюу хүүхдэд зориулсан цагт өөрийн брэндийг сурталчлах боломжтой хэвээр боловч ийм сурталчилгаанд шууд “хортой” бүтээгдэхүүнийг дүрсээр харуулахгүй байх шаардлага тавьж байна.
Таргалалт, шүдний цооролтын статистикийг танилцуулжээ
Их Британийн засгийн газар хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдсэнийг харуулсан тоон мэдээллийг мөн хамтатган танилцуулсан байна. Тухайлбал, бага сургуульд элсэх үед хүүхдүүдийн 22.1 хувь нь илүүдэл жинтэй байдаг бол сургууль төгсөх үеэр энэ үзүүлэлт 35.8 хувь болж өсдөг ажээ. Мөн 5-9 насныхны эмчид хандах шалтгааны тэргүүн эгнээнд шүдний цооролт орж байгааг дурдсан байна.
Эрх баригчид судалгааны үр дүнг эш татан, зар сурталчилгаа нь хүүхдүүд юуг, хэзээ идэхэд нөлөөлж, хоолны сонголтыг бага наснаас нь төлөвшүүлснээр таргалалт болон түүнтэй холбоотой өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцолжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ арга хэмжээ нь жил бүр хүүхдүүдийн илчлэг өндөртэй хүнсний хэрэглээг 7.2 тэрбумаар бууруулж, таргалалттай хүүхдүүдийн тоог 20 мянгаар цөөрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Урт хугацаанд энэ дүрэм журам нь иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг сайжруулснаар 2 тэрбум орчим фунт стерлинг хэмнэх тооцоо гарсан талаар мөн мэдээлжээ.





