Meta-г залууст хор хөнөөл учруулсан гэж буруутган $3.7 тэрбум нэхэмжилжээ

Нью Мексико муж Facebook, Instagram, WhatsApp-д өөрчлөлт хийхийг шаардав

АНУ-ын Нью Мексико муж даваа гарагт буюу 2026 оны тавдугаар сарын 4-нд “Meta” компанийн эсрэг шүүхэд шинэ шаардлага гаргажээ. Мужийн тал шүүгчээс тус компанийг олон нийтэд хор хөнөөл учруулсан гэж үзэхийг хүссэн байна.

Мөн “Meta”-г 3.7 тэрбум ам.доллар төлүүлэхээс гадна Facebook, Instagram, WhatsApp платформууд дээрээ залуу хэрэглэгчдийг хамгаалах бодит өөрчлөлт хийхийг шүүхээр үүрэг болгуулахыг шаардаж байна.

Нью Мексико мужийн Ерөнхий прокурор Раул Торрез “Meta” компанийг залуу хэрэглэгчдийг донтуулах зорилгоор платформуудаа хөгжүүлсэн, мөн хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөөс хангалттай хамгаалж чадаагүй хэмээн буруутган шүүхэд өгсөн юм.

Мужийг төлөөлж буй хуульч шүүх хурлын үеэр “Улс даяар хүүхдүүд тусламж гуйж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн хямрал үүсэж, үүнийг сошиал платформууд өдөөж байгаа гэдгийг гэрчийн мэдүүлгээс сонсох болно. Үүнийг засах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Өмнө нь Meta-д $375 саяын нөхөн төлбөр оноосон

Энэ хэрэг нь өмнөх шийдвэрийн дараа дахин анхаарлын төвд орж байна. Өнгөрсөн гуравдугаар сард тангарагтны шүүх “Meta” компанийг Нью Мексико мужийн хэрэглэгчийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэж, 375 сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин “Meta” уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

Одоогийн шүүх хурал нь “Meta” үнэхээр мужийн хуулийг зөрчиж, олон нийтэд төвөг учруулсан эсэхийг тогтоох зорилготой. Хэрэв Нью Мексико мужийн шаардлага хангагдвал энэ нь Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчрах боломжтой.

Уг хэргийг ижил төстэй зарга үүсгэхээр төлөвлөж буй бусад муж, хотын захиргаа болон сургуулиуд анхааралтай ажиглаж байна. Учир нь энэ шийдвэр цаашид сошиал платформуудын залуусын сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүлээх хариуцлагын жишиг болж магадгүй юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу