МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар 2023 оноос нислэгт ашиглагдаж буй Боинг 787-9 Дримлайнерийг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай оруулж, компанийн инженер техникийн баг шинэ өндөрлөгт гарлаа.
Монголын иргэний агаарын тээврийн үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 292 суудалтай, өргөн биетэй, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Боинг 787-9 онгоцыг 2023 оноос нислэгт ашиглаж ирсэн. Уг агаарын хөлөг гурван жил тутамд хүнд хэлбэрийн засварт ордог бөгөөд энэ удаад АХЗҮГ-ын инженер техникийн ажилтнууд уг онгоцыг анх удаагаа ийм төрлийн засварт оруулсан юм. Өмнө нь зөвхөн нарийн биетэй, жижиг онгоцуудын засвар үйлчилгээг гүйцэтгэж байсан бол одоо өргөн биетэй том онгоцны засварт хүрч, орлогын шинэ эх үүсвэр нээгдэж байна.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн дараахь зүйлийг онцоллоо: “Бид Боинг 787-9 Дримлайнер өргөн биетэй агаарын хөлгийг Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд манай компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд энэхүү засвар үйлчилгээг амжилттай хийлээ. Энэ нь манай инженер, техникийн ажилтнууд болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гаднын авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх бүрэн чадавхтай, ур чадвартай болсныг илтгэж байна” гэв.
Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь өмнө нь Чэжү Эйр, Korean Air компаниудын жижиг онгоцууд, голчлон Боинг 737 загварын нарийн биет онгоцуудыг засварлаж байжээ. Энэ удаагийн Боинг 787-9 Дримлайнерийн засвар нь шинэ туршлага болсныг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат хэллээ: “Боинг 787-9 Дримлайнер агаарын хөлгийн засвар үйлчилгээг анх удаа хийснээр шинэ зүйлүүдтэй тулгарч, судалж сурч мэдэж авлаа” гэв.