Монгол Улс аравдугаар сарын шатахууны хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас нийт 78 мянган тонн шатахуун авахаар гэрээ байгуулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлжээ.
Тэрбээр аравдугаар сарын 2-нд Төрийн ордонд шатахууны нийлүүлэлт, нөөц болон зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна.
АИ-92 бензиний нийлүүлэлт сүүлийн хоёр сард хэрэгцээнээс доогуур байжээ
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг аж.
Гэвч наймдугаар сард ойролцоогоор 54 мянган тонн, есдүгээр сард 62 мянган тонн АИ-92 бензин импортолсон нь сарын дундаж хэрэглээнээс бага байжээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн АИ-92 бензинийг өмнө нь Монгол болон Киргиз улс түлхүү худалдан авдаг байсан ч ОХУ уг бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг дотоодын хэрэгцээндээ чиглүүлэх болсноор Монголд нийлүүлэх хэмжээ буурсан гэж салбарын сайд тайлбарласан байна.
Харин аравдугаар сарын хувьд ОХУ-аас 78 мянган тонн шатахуун авахаар гэрээ байгуулсан бөгөөд одоо нийлүүлэлтийг хүлээж байгаа аж.
“Олон эх үүсвэрээс авах хэрэгтэй”
Г.Дамдинням шатахууны олон улсын зах зээл тодорхойгүй байгааг онцолж, нийлүүлэлтийг зөвхөн нэг эх үүсвэрээс хамааруулахгүй байх шаардлагатай гэж мэдэгджээ.
Тэрбээр:
“Дэлхийн байдал тодорхойгүй байна. АНУ дизелийн бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглосон. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Иймд олон эх үүсвэрээс авахдаа анхаарч хүссэн хэмжээгээр биш байсан ч хамаагүй олж ирж байна. Засгийн газар шатахуун зардаггүй. Аж ахуйн нэгжүүдэд олж ирэхэд нь бүх талаар нь тусалж байгаа. АИ-92 шатахууны хувьд үнэ нь өссөн, олдоц нь ховор дэлхий даяар маш хүнд байна. Иймд аль болох олон эх үүсвэрээс авах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хаанаас ч авсан ОХУ, БНХАУ-аар л дамжиж орж ирнэ. Энэ ложистикийн асуудлаа ААН-үүдтэйгээ хамтраад шийдээд явж байна. Шөнийн цагаар шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд торгууль тавьж байгаа. ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүддээ татаас өгч байж үнийг нь буулгадаг учир үнэ нь бага байдаг. Манай улс бол татаас өгдөггүй. Тухайн бүтээгдэхүүний сүүлийн 14-25 хоногийн өмнөх сарын дэлхийн зах зээлийн үнийн дунджаар тооцдог”
гэжээ.
Шөнийн цагаар шатахуун түгээхгүй байгаа ШТС-уудад торгууль ногдуулж байна
Сайд мэдээлэхдээ шатахууны нөөцтэй хэрнээ шөнийн цагаар борлуулалт хийхгүй байгаа зарим аж ахуйн нэгжид торгууль тавьж байгааг мөн дурдсан байна.
Засгийн газар өөрөө шатахуун худалдаалдаггүй бөгөөд хувийн хэвшлийн компаниуд импортоо хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай зохицуулалт, логистикийн дэмжлэг үзүүлж байгаа гэж тайлбарлажээ.
Шатахууны үнэ тогтоохдоо дэлхийн зах зээлийн өмнөх хугацааны дундаж үнийг ашигладаг бөгөөд ОХУ-ын хувьд боловсруулах үйлдвэрүүддээ татаас олгодог учраас бүтээгдэхүүний үнэ харьцангуй доогуур байдаг гэж салбарын сайд мэдэгдсэн байна.
Ийнхүү найм, есдүгээр сарын импорт сарын хэрэглээнээс доогуур байсан нөхцөлд аравдугаар сард ОХУ-аас 78 мянган тонн шатахуун авахаар гэрээлсэн нь дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.