Улаанбаатар хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөж байна. Бильярдын энэхүү төрөл нь дэлхийн 169 улсад түгэн хөгжиж буй бөгөөд Монголд 2017 оноос албан ёсоор дэлгэрч эхэлсэн юм.
Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан зэрэг орны нийт 192 тамирчин ур чадвараа сорьж байна. Шагналын сан нь 50 мянган ам.доллар бөгөөд өнөөдөр ялагчид тодрох юм.
Монголын тамирчдаас дөрөв нь хагас шигшээд шалгарсан бөгөөд тэдний дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Э.Тэмүүжин. Тэрбээр өнгөрсөн онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, спортын энэхүү төрөлд Монголын нэрийг өндөрт өргөж байсан билээ.
Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга Монголын бильярдын холбоо болон тэмцээний зохион байгуулагчидтай уулзаж, тамирчдад амжилт хүссэн байна.
Монголд heyball спортын анхны томоохон тэмцээн 2019 онд болж байсан бөгөөд энэ удаагийн уралдаан нь олон улсын цар хүрээгээрээ онцлог болж байна.