18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Өмнөд Солонгос хил орчмын чанга яригч төхөөрөмжүүдээ буулгаж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хоёр Солонгосын хилийн дагуу байршуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригч төхөөрөмжүүдээ буулгаж эхэлжээ. Энэ үйлдэл нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч И Жэ Мюний Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлыг намжаах чиглэлд хийж буй анхны бодит алхам гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн үед Умард Солонгосын эрх баригчид, тэр дундаа удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон хоёр улсын хооронд ямар ч хэлэлцээр хийх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан. Харин Өмнөд Солонгосын тал хоёр сарын өмнөөс Умард Солонгос руу чиглэсэн чанга яригчийн цацалтаа зогсоож эхэлсэн юм.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Энэ нь байлдааны бэлэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хоёр улсын хоорондын хурцадмал нөхцөл байдлыг зөөлрүүлэх зорилготой бодит алхам юм” хэмээн тодорхойлжээ.

Хоёр Солонгосыг заагладаг 250 км урт хилийн зурвасын дагуу 20 орчим байршилд ийм чанга яригч төхөөрөмжүүд байсан бөгөөд тэдгээрийг бүрэн буулгах ажиллагаа ойрын долоо хоногт багтаан дуусах төлөвтэй байна.

Харин Умард Солонгосын зүгээс ижил төрлийн суртал нэвтрүүлгийн төхөөрөмжүүдийг ашигласаар байгаа ч одоогоор тэдгээрийг буулгах талаар ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан штабын төлөөлөгч И Сун Жүн “Умардын тал төхөөрөмжүүдээ засварлаж байгаагаас өөр зүйл харагдахгүй байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Өмнөх Ерөнхийлөгч Юн Сүк Ёл 2023 оны зургадугаар сард зургаан жил завсарласан суртал нэвтрүүлгийн цацалтыг сэргээсэн нь Умард Солонгосын талаас хог агуулсан бөмбөлөг хөөргөсөн явдлын хариу арга хэмжээ байсан. Тухайн үед Сөүл 2016 оны цөмийн туршилтын дараа ч мөн адил ийм арга хэмжээ авч байсан түүхтэй.

Гэхдээ энэ оны зургадугаар сарын эхээр тангараг өргөсөн Ерөнхийлөгч И Жэ Мюн хурцадмал байдлыг намжаахын тулд анхаарлаа өөр чиглэлд хандуулж, дээрх цацалтыг зогсоох шийдвэр гаргасан юм.

Өмнөд Солонгосын нэгтгэх яамны шинэ сайд Чун Дон Юн АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг бууруулах тухай Ерөнхийлөгчид танилцуулахаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч И Жэ Мюн ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар Солонгосын хойгийн аюулгүй байдал гол сэдэв болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here