Шоронд хоригдож буй Вьетнамын бизнесмэний Birkin цүнхнүүд $535 мянгаар зарагджээ

Санхүүгийн луйврын хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж буй Вьетнамын бизнесмэн Чуон Ми Ланаас хураасан Hermès Birkin брэндийн хоёр тансаг гар цүнхийг дуудлага худалдаагаар заржээ.

Вьетнамын эрх баригчдын зохион байгуулсан дуудлага худалдаанд цагаан өнгийн матрын арьсан хоёр Birkin цүнх нийт $535,000-ын үнэ хүрсэн байна. Нэг нь $440,144, нөгөө нь $94,858 үнээр ердөө 30 минутын дотор зарагджээ.

Чуон Ми Лан нь Вьетнамын томоохон банкнаас олон тэрбум ам.доллар завшсан хэрэгт буруутгагдан бүх насаар хоригдож байгаа юм. Шүүхээс түүний хөрөнгийг хурааж, $27 тэрбумыг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан байна.

2024 оны дөрөвдүгээр сард шүүх түүнийг улсынхаа тав дахь том банк болох Saigon Commercial Bank-ийг 10 гаруй жилийн турш далдаас удирдаж, өөрийн компаниудын сүлжээгээр дамжуулан ойролцоогоор $44 тэрбумыг зээл хэлбэрээр завшсан гэж тогтоожээ. Анх түүнд цаазын ял оноосон ч Вьетнам улс зарим гэмт хэрэгт цаазын ял хэрэглэхээ зогсоосны дараа өнгөрсөн оны зургаадугаар сард ялыг бүх насаар хорих болгон өөрчилсөн байна.

Цүнхнүүдээ ач зээ нартаа үлдээхийг хүсэж байжээ

Шүүх хурлын үеэр Чуон Ми Лан хоёр цүнхээ хураалгахгүйн тулд нэгийг нь Италиас худалдаж авсан, нөгөөг нь Малайзын бизнесмэн бэлэглэсэн гэж мэдүүлж байжээ. Тэрээр эдгээр цүнхийг ач зээ нартаа дурсгал болгон үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Хо Чи Мин хотын иргэний хэргийн шүүх түүнээс хураасан матрын арьсан хоёр Birkin цүнхийг үнэлэх мэргэжилтэн хайж байгаагаа зарлаж байсан юм.

Дуудлага худалдаанд оруулах Чуон Ми Ланы 1,200 ширхэг эд хөрөнгийн жагсаалтад дээрх хоёр цүнх багтжээ. Бага үнээр зарагдсан цүнх нь 30 хэмжээтэй байсан бол илүү өндөр үнэ хүрсэн цүнх нь 25 хэмжээтэй байв. Өндөр үнэтэй зарагдсан цүнх анхны дуудсан үнээсээ ойролцоогоор долоо дахин өндөр үнэд хүрсэн байна.

Birkin цүнхний үнэ жил ирэх тусам өсдөг

Тансаг эдлэлийн худалдааны Agency Parnell компанийн үүсгэн байгуулагч Николас Парнеллын тайлбарласнаар Hermès Birkin брэндийн цүнхнүүд хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэг аж.

“Энэ бол Hermes компанийн тавьсан хязгаарлалтын улмаас хүн болгон авах боломжгүй байдаг, хамгийн эрэлттэй цүнхнүүдийн нэг юм. Тиймээс нандигнан хадгалах ёстой эд хөрөнгөд тооцогддог. Маш олон тусгай хувилбар байдаг тул үнэ нь хязгааргүй юм”

хэмээн тэр хэлжээ.

2025 оны долдугаар сард Sotheby’s Paris дуудлага худалдааны төв хамгийн анхны Birkin цүнхийг 8.6 сая еврогоор зарсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний дээд амжилт болсон байна.

Шоронд хоригдож буй Вьетнамын бизнесмэний Birkin цүнхнүүд $535 мянгаар зарагджээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу