ШТС-ын дараалал буурч эхэллээ: ням гараг гэхэд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгохоор ажиллаж байна

Шуурхай штаб хуралдаж, шинэ үүрэг чиглэл өглөө

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны түгээлт, тээвэрлэлт, ШТС-уудын ачааллын талаар хэлэлцлээ. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн байна.

Ялангуяа хөдөлгөөн ихтэй зам дагуу байрладаг шатахуун түгээх станцуудад дараалал үүсэх үед замын хөдөлгөөнд хүндрэл гарч байгаа тул Тээврийн цагдаагийн албыг зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгожээ.

Ачаалалтай ШТС-уудад замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ

ХААИС-ийн баруун талд, уулын зам дагуу байрлах “Шунхлай” ШТС-д дараалал үүсэх үед тухайн хэсгийн замын хөдөлгөөнд томоохон түгжрэл бий болж байгаа аж. Иймээс Тээврийн цагдаагийн алба нөхцөл байдлыг газар дээр нь зохицуулах, шаардлагатай тохиолдолд хөдөлгөөн хэвийн болох хүртэл тухайн ШТС-д түр цэнэглэлт хийхгүй байх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ арга хэмжээ нь зөвхөн шатахууны дарааллыг бус, хотын гол замуудын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой гэж үзэж байна.

ОХУ-аас 46 вагон АИ92 бензин иржээ

Өчигдөр Улаанбаатар хотод ОХУ-аас нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 автобензин ирсэн байна. Үүнээс эхний 23 вагоныг өчигдөр буулгаж, нийслэл болон орон нутгийн ШТС-уудад хуваарилжээ.

Тодруулбал:

  • Улаанбаатар хотын 75 ШТС-д 756 тонн,
  • Орон нутгийн 49 ШТС-д 441 тонн АИ92 автобензин хүргүүлсэн байна.

Харин өнөөдөр үлдсэн 23 вагоныг буулгаж, шатахуун түгээх станцуудад хуваарилж байгаа аж.

152 вагон шатахуун Монгол руу ачигдан ирж байна

Одоогоор ОХУ-аас Монгол Улс руу нийт 152 вагон АИ92 шатахуун ачигдан ирж байгаа гэж мэдээлэв. Өнөөдөр болон маргаашийн хугацаанд хөдөө орон нутгийн ШТС-уудад түлхүү хуваарилалт хийж, хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Шуурхай штабын хурлаар ням гараг гэхэд бүх ШТС-уудыг цэнэглэж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэх чиглэл өгсөн байна.

Худалдан авалтын баримт 10 мянгаар буурчээ

Татварын байгууллагын мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд шатахуун худалдан авалтын 46,000 баримт бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс 10,000-аар буурсан үзүүлэлт юм.

Мөн нэг автомашин дахин дугаарлаж, давтан шатахуун авах тохиолдол 30 хувиар багассан байна. Энэ нь ШТС-уудын ачаалал буурч, иргэдийн худалдан авалтын хэт төвлөрөл саарч эхэлснийг харуулж байна.

Ховд, Өвөрхангай, Өмнөговьд дараалал өндөр хэвээр байна

Одоогийн байдлаар Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад шатахууны дугаарлалт хамгийн өндөр байгаа гэж мэдээлжээ. Тиймээс ойрын хоёр өдөрт орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарахаар болсон байна.

Нийслэлд ирсэн шатахууныг шат дараатайгаар хуваарилж байгаа бол орон нутгийн дутагдлыг нөхөхийн тулд тээвэрлэлт, түгээлтийн зохион байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

АИ92 бензиний үнэд төрөөс хяналт хийдэг

Хурлын төгсгөлд энгийн АИ92 автобензинээс бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлийн зарчмаар зохицуулагдаж байгааг онцолсон байна.

Харин ЕВРО-2 стандартын АИ92 автобензинийг Монгол Улс ОХУ-аас тусгай нөхцөлөөр, хямдралтай үнээр худалдан авдаг. Импортын олон суваг байхгүй тул үнийг бүрэн чөлөөлөх нь иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж, инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Иймээс энгийн АИ92 шатахууны үнэд Засгийн газраас тодорхой хяналт, тохируулга хийдэг болохыг албаныхан тэмдэглэжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу