Нийслэлийн нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах зорилгоор 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 301 ширхэг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 27-ны өдөр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин, механизм Улаанбаатарт ирж, нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөгдөөд байна. Эдгээр техник хэрэгсэл нь хог хаягдал тээвэрлэх, зам талбайн цэвэрлэгээ, усны байгууламжийн арчилгаа зэрэг олон төрлийн үйлчилгээнд ашиглагдах юм.
Өмнөх жилүүдэд хийсэн парк шинэчлэлийн ажлуудын хүрээнд 2024 оны аравдугаар сард мөн нийслэлийн төсвөөр дараах техникүүдийг нийлүүлсэн байна:
- Цас цэвэрлэх, түрэх, давс цацах зориулалттай 10 машин
- Найман шүүрт машин
- Бага оврын 10 цас цэвэрлэгч
- Модны навч болон хөнгөн хог соруулах зориулалттай 46 төхөөрөмж
Ингэснээр 2024 онд нийтийн аж ахуйн салбарт нийт 80 гаруй техник, тоног төхөөрөмж шинээр ашиглалтад оржээ.
Хотын удирдлагуудын зүгээс нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэлээр дамжуулан хотын стандарт, орчны аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилтод энэхүү парк шинэчлэл онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.