10 километрийн радиуст галын аюулыг илрүүлэх камер байршуулна
Нийслэлийн есөн дүүрэгт галын аюулыг шуурхай илрүүлэх, утаажилтын бүсийг мэдрэх чадвартай терминал камерыг суурилуулж байна. Энэхүү камер нь 10 километрийн радиуст орчны хөдөлгөөн, утаа, галын сэжигтэй шинж тэмдгийг AI ухаалаг системээр таних зориулалттай аж.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга Э.Батбаяр мэдээлэл өглөө.
Нийслэлийн 13 байршилд PTZ терминал камер суурилуулна
Э.Батбаярын хэлснээр, Нийслэлийн Онцгой Комиссын шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн хэрэгжүүлэх гол ажлуудын нэг нь терминал PTZ камерыг нийслэлийн 13 байршилд байрлуулах юм.
Тэрбээр “Нийслэлийн Онцгой Комиссын шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь терминал PTZ камер буюу 10 километрийн радиуст AI ухаалаг системээр орчны хөдөлгөөн, утаажилтийн бүсийг мэдрэх камерыг нийслэлийн 13 байршилд суурилуулах юм” гэж мэдээлэв.
Суурилуулалтын ажил 70 орчим хувьтай байна
Одоогийн байдлаар PTZ камер суурилуулах ажлын явц 70 орчим хувьтай үргэлжилж байна.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хүн амын нягтаршил өндөр, гэр хороолол ихтэй бүсүүдэд есөн камерыг бие биеэ ажиглах боломжтой байдлаар байрлуулжээ. Ингэснээр галын эрсдэлтэй бүсийг илүү өргөн хүрээнд хянах, мэдээллийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм.
Алслагдсан дүүргүүдэд ч байрлуулна
Э.Батбаярын мэдээлснээр, нэг камерыг Налайх дүүрэгт байрлуулсан байна. Мөн Багануур болон Багахангай дүүрэгт уг камерыг суурилуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр зөвхөн хотын төвийн дүүргүүд бус, алслагдсан дүүргүүдийн галын аюул, утаажилтын нөхцөл байдлыг ч шуурхай хянах боломжтой болох юм.
360 градус эргэж, утаажилт мэдэрнэ
PTZ терминал камер нь утаажилт мэдрэх хэсэгтэй бөгөөд 360 градус эргэн бичлэг хийх боломжтой.
Гал түймрийн сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн орчинд тандалт хийх, нөхцөл байдлыг үнэлэх, судалгаа хийх үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь гал унтраах ангиуд мэдээллийг түргэн авах, дуудлагад шуурхай ажиллахад дэмжлэг болох юм.
Гал унтраах ангиудад мэдээлэл дамжуулна
НОБГ-ын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Төрөөний мэдээлснээр, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны орон сууцны дээвэр дээр 10 километрийн радиуст хянах дулаан мэдрэгчтэй AI камер байрлуулсан байна.
Уг камер нь гал унтраах ангиудад мэдээлэл өгч, бүрэн ашиглагдах юм. Ингэснээр галын аюулыг эрт илрүүлэх, утаажилтын бүсийг хурдан тодорхойлох, эрсдэлийг бууруулахад технологийн дэмжлэг үзүүлэх боломжтой болж байна.