Шатахууны хангамжийн нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Түүний танилцуулгад дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын экспортын бодлого, Монгол Улсын дотоодын шатахууны нөөц болон агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явцыг тусгасан байна.
Газрын тосны үнэ Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан өсжээ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2026 оны долоодугаар сарын 8-наас хойш Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадсантай холбоотойгоор өсөх хандлагатай болсон байна.
Сүүлийн 10 хоногт үнэ тогтмол нэмэгдэж, нэг баррель нь 100.34 ам.долларт хүрсэн ч долоодугаар сарын 24-нөөс бага зэрэг буурчээ. Долоодугаар сарын 27-ны байдлаар газрын тосны үнэ 87.89 ам.доллартай тэнцэж байна.
ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тавьж эхэлсэн байна
Монгол Улсын гол ханган нийлүүлэгч болох ОХУ “Шатахууны тухай хууль” баталж, шатахуун болон онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтад хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.
Гэсэн ч “Роснефть” компани өмнө байгуулсан гэрээний дагуу 2026 оны гуравдугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн байна.
АИ-92-ын нийлүүлэлтийн үнийг дахин хэлэлцэх нөхцөл үүсжээ
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн гурван сар дараалан 30-аас дээш хувиар өссөн нь тогтмол үнээр нийлүүлэх нөхцөлийг дахин хэлэлцэх шаардлага бий болгожээ.
Нийлүүлэгч талтай хийсэн хэлэлцээний үр дүнд долоодугаар сараас эхлэн ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан нөхцөлөөр нийлүүлэлт хийж эхэлсэн байна.
Үүний улмаас Монголын дотоодын зах зээл дээр АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн түлшний үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.
АИ-92 автобензин 17 хоногийн нөөцтэй байна
Долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар Монгол Улс улсын хэмжээнд АИ-92 автобензиний 37 мянган тонн буюу ердийн хэрэглээний 17 хоногийн нөөцтэй байна.
Харин дизель түлшний хувьд 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөц бүрдүүлжээ.
Эдгээр тоо нь одоогийн хэрэглээний түвшин, нийлүүлэлтийн хуваарьтай уялдсан үзүүлэлт бөгөөд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд нөөц нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
250 мянган тоннын агуулах барих ажил эхэлжээ
Өнөөдрийн байдлаар 18 аж ахуйн нэгжийн 22 ширхэг, нийт 250 мянган тоннын шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажсан байна.
Мөн хариуцлагын гэрээ байгуулснаар агуулахын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг төслүүдийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Барилга угсралтын ажил 5-85 хувьтай үргэлжилж байна
Шатахууны агуулахын төслүүдийн барилга угсралтын ажлын явц харилцан адилгүй байгаа бөгөөд одоогоор 5-85 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төлөвлөгөөний дагуу эдгээр агуулах 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусах юм. Ингэснээр Монгол Улсын шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдэж, гадаад зах зээл, нийлүүлэлтийн эрсдэлээс хамаарах эмзэг байдал тодорхой хэмжээнд буурах хүлээлттэй байна.