15 настай хүү барилгын нурангид амиа алдсан хэрэгт яаралтай анхаарахыг шаардлаа

Насанд хүрээгүй хүүхдээр барилгын ажил хийлгэсэн хэрэг гарчээ

Насанд хүрээгүй хүүхдээр барилгын ажил хийлгэж байгаад амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан байна. 15 настай хүү барилгын хана нураах ажил хийж байх үедээ нурангид дарагдаж, амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээллээ.

Уг ажилтай холбоотой ажил олгогч нь “Кимбаб чонгуг” гэх газар байсан гэж талийгаачийн тал мэдэгдэж байна. Хэрэгтэй холбоотойгоор хүүгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийж, Ерөнхий сайдын хуулийн зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүлжээ.

Ах нь дуудлага аваад очиход дүү нь амьсгал хураасан байжээ

15 настай талийгаач хүүгийн төрсөн ах тухайн өдөр болсон явдлын талаар сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэрээр: “Дүү чинь нурангид даруулчихлаа гэсэн дуудлага аваад Хороололд байх Кимбаб чонгуг гэдэг хоолны газар очсон. Тэгэхэд Аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн муу мэдээ дуулгасан. Өмнө нь ажилд гарахдаа надтай хамт гардаг байсан ч тэр өдөр ганцаараа явсан байсан. Ам бүл 3-уулаа. Намайг ажилтай үед ээжийг хараад гэртээ байдаг байсан ч тэр өдөр хэлэлгүй гарсан байсан.

Би өөрөө 18 настай. Хэрэг гарсны дараа Цагдаагийн байгууллагад хандахад “Шүүхийн шийдвэр” гараагүй болохоор хүлээж бай гэсэн тайлбар хэлсэн” хэмээн ярьжээ.

Барилгын ажил нь хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтад багтдаг

Талийгаачийн ар гэрийн өмгөөлөгч П.Эрхэмбаярын хэлснээр, уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тэрээр: “Энэ хэрэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна лээ. 2026 оны 5 дугаар сарын 18-ны 15:00 цаг орчимд энэ хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхэд тухайн газарт очиж барилгын хана нураах ажил хийсэн байна. Монгол Улсад 13-15 насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ ямар ажил хийж болохыг салбарын сайд нь баталдаг. 13-15 нас хүртэлх бага насны хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл ажил олгогч, ажил зуучлагч аль аль нь хууль дүрмээ баримтлаагүй, зөрчсөн байна. Бид өнөөдөр ар гэрийнхнийх нь хүсэлтээр бага насны хүүхдээр эрхэлж болохгүй ажил хийлгэхгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдүүлэх, дахиад ийм харамсалтай хэрэг гаргахгүй байх үүднээс Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Ажил олгогч, зуучлагч тал хууль зөрчсөн гэж үзэж байна

Өмгөөлөгчийн тайлбарласнаар, 13-15 насны хүүхэд тодорхой нөхцөлд хөдөлмөр эрхэлж болох зохицуулалт байдаг ч ямар ажил хийж болох, ямар ажлыг хориглохыг холбогдох салбарын сайдын баталсан жагсаалтаар тогтоодог байна.

Тус жагсаалтад насанд хүрээгүй хүүхдээр барилгын ажил хийлгэхийг хориглосон байдаг аж. Гэвч энэ тохиолдолд 15 настай хүүхдээр барилгын хана нураах ажил хийлгэсэн нь хууль, журам зөрчсөн үйлдэл гэж талийгаачийн тал үзэж байна.

Мөн ажил олгогч болон ажил зуучлагч аль аль нь хуулийн шаардлагыг мөрдөөгүй, аюулгүй байдлыг хангаагүй байж болзошгүй тул хэргийг анхааралтай шалгах шаардлагатай гэж өмгөөлөгч онцоллоо.

Ерөнхий сайдын зөвлөх шаардлагыг хүлээн авчээ

Ерөнхий сайдын хуулийн зөвлөх О.Батхүү талийгаачийн ар гэр, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авсан байна.

Тэрээр: “15 настай хүүхэд ажил хийж байгаад амь насаа алдсан. Зуулчлалын компани илтэд хууль зөрсөн байна. 15 нас хүрээгүй хүүхдийн хийж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл зохицуулалт байсаар байтал хүүхэд ажиллуулсан, аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй зэрэг ноцтой зөрчил байна. Хуулиараа бол эцэг эх асран хамгаалагч хүүхдээр ажил хийлгэхийг зөвшөөрч гарын үсэг заавал зурах ёстой” гэж хэлжээ.

Мөн тэрээр аль аль талдаа хариуцлага алдсаны улмаас 15 настай хүүхэд амь насаа алдсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Цагдаагийн байгууллагад мөн шаардлага хүргүүлнэ

О.Батхүүгийн хэлснээр, энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэрээр нэг хэрэг гарахад түр хугацаанд шуугиад өнгөрөх бус, цаашид хууль, дүрэм, журмыг бодитоор мөрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Талийгаачийн ар гэр болон өмгөөлөгчийн зүгээс ийм төрлийн хэрэг дахин гарахаас сэргийлэхийн тулд насанд хүрээгүй хүүхдийг хориглосон ажилд оролцуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг чангатгахыг шаардаж байна.

15 настай хүүхдийн амь нас хохирсон энэ хэрэг нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал болон төрийн хяналтын асуудлыг дахин хурцаар сөхлөө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу