30, 40 настай эмэгтэйчүүдийг папиллома вирүсийн өндөр мэдрэг шинжилгээнд хамруулна

Эрүүл мэндийн яамнаас умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний папиллома вирүсийг илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээнд 30 болон 40 настай эмэгтэйчүүдийг хамруулахаар болсноо мэдээллээ.

Өмнө нь энэ өвчнийг илрүүлэх зорилгоор зөвхөн эсийн шинжилгээ хийдэг байсан бол одоо үүн дээр нэмж, хүний папиллома вирүсийг илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээг хамтад нь хийхээр болж байна.

Монгол Улсад 30, 40 настай нийт 45 мянга орчим эмэгтэй байдаг байна. Үүнээс 2026 онд 20 мянган эмэгтэйд нь Хавдар судлалын үндэсний төвөөс папиллома вирүс илрүүлэх ПСР шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Харин үлдсэн эмэгтэйчүүдийг ирэх онд уг шинжилгээнд хамруулах юм байна.

Умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой ч Монгол Улсад энэ өвчин анхаарал татсан хэвээр байна. Тухайлбал, 2025 онд 551 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдож, 171 эмэгтэй энэ өвчний улмаас нас баржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах зорилгоор 90:70:90 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 15-аас доош насны охидын 90 хувийг папиллома вирүсийн вакцинд хамруулах, 30 болон 40 настай эмэгтэйчүүдийн 70 хувийг өндөр мэдрэг шинжилгээнд оруулах, мөн папиллома вирүс илэрсэн хүмүүсийн 90 хувийг эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үздэг.

Хэрэв энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал 2050 он гэхэд 100 мянган хүн тутмын дөрөв нь л энэ өвчнөөр өвчилдөг болж, нас баралт эрс буурах боломжтой гэж тооцож байна.

Ийнхүү хүний папиллома вирүсийг илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээг нэвтрүүлснээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаашдын эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу