69 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний шувтаргын шат энэ ням гарагт Швейцарын Базель хотын “St. Jakobshalle” концертын танхимд зохион байгуулагдаж, Австри улсын төлөөлөгч JJ 436 оноогоор ялагч болж, 2025 оны ялагчаар тодорлоо.
24 настай контртенор хоолойтой дуучин JJ нь Венийн дуурийн театрын уран бүтээлч бөгөөд “Wasted Love” нэртэй, поп-опера болон электроник урсгалыг хослуулсан дуугаараа үзэгчид, шүүгчдийн саналын нэгдсэн дүнгээр тэргүүлсэн юм.
Түүний жинхэнэ нэр нь Йоханнес Питч бөгөөд шагнал гардах үеэрээ:
“Хайр сэтгэл бол энэ дэлхийн хамгийн хүчтэй зүйл. Бүгдээрээ хайр түгээцгээе” хэмээн хэлжээ.
Түүний ялагч болох мөчид Швейцарт хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэн нь, тэр дундаа 85 настай өвөө болон 4 сартай дүү нь хамт байжээ.
Австри, Филиппин гаралтай дуучны амжилт
Австри болон Филиппин гаралтай JJ энэ тэмцээнд оролцохын тулд Венийн дуурийн театрын ажлаасаа чөлөө авч уран бүтээлдээ төвлөрсөн байна. ХБНГУ-ын Франкфурт хот дахь Филиппинийн Ерөнхий консулын газар түүнд хандан:
“Европын энэ томоохон дууны тэмцээнд ялалт байгуулсан нь Филиппин улсын бахархал болсон мөч байлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Австрийн гурав дахь ялалт
Австри улс “Eurovision” тэмцээнд өмнө нь:
1966 онд Уго Юргенс “Merci, Cherie”
2014 онд Кончита Вурст “Rise Like a Phoenix”
дуунуудаар түрүүлж байсан бол JJ-ийн амжилтаар гурав дахь ялалтаа авлаа.
Дэд байрууд ба дуулиан
2-р байр — Израилын Ювал Рафаэль, “New Day Will Rise” — 357 оноо
3-р байр — Эстонийн Tommy Cash, “Espresso Macchiato” — 356 оноо
4-р байр — Швед
5-р байр — Итали
Израилын өндөр оноо олон нийтээс эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэдний үзүүлбэрийн үеэр хоёр хүн тайзан дээр гарахыг оролдсон байна. Мөн Базель хотод Палестиныг дэмжигчдийн жагсаал болж, цагдаатай сөргөлдөөн үүсжээ.
Түүхэн мөчүүд
Польшийн дуучин Жюстина Стецковска 30 жилийн дараа тайзандаа эргэн ирж шинэ дээд амжилт тогтоов
Селин Дион оролцогчдод видео мэндчилгээ илгээсэн ч, амьд тоглолт хийхгүй байснаар үзэгчдийг гонсойлгожээ
Үзэгчдийн тоо, ирэх жилийн төлөв
Шувтаргын тоглолтыг 40 мянга гаруй хүн танхимаас үзсэн бол Европ даяар 160 сая хүн шууд дамжуулалтаар хүлээн авсан байна. Ингэснээр 2026 оны “Eurovision” тэмцээнийг Австри улс зохион байгуулахаар боллоо.
Австричууд ялалт байгуулсанд баяр хүргэе! Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм үзүүлбэр байсан
Энэ жилийн Евровидение үнэхээр сонирхолтой, олон хүчтэй тоотой байлаа. Гэхдээ Австри онцгойрч байв