Дэлхийн тайзнаа “Хүннү рок”-ийг таниулсан хамтлаг шинэ уран бүтээл, томоохон тоглолтоор ойгоо тэмдэглэнэ
Монголын уудам тал нутгаас гаралтай, “Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулсан “The Hu” хамтлаг энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд тус хамтлаг шинэ цомог болон онцгой уран бүтээлүүдээрээ сонсогч фенүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа юм.
Тодруулбал, тэд энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо олны хүртээл болгож, Улаанбаатар хотод хамгийн том хэмжээний шоу тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөжээ. Цомгийн албан ёсны нээлтээс өмнө хамтлагийнхан “The men”, “Warrior chant” нэртэй хоёр шинэ бүтээлээ фенүүддээ хүргэсэн бөгөөд эдгээр дуу нь ердөө хоёр долоо хоногийн дотор стриминг платформууд дээр нэг саяас давсан хандалт аваад байна.
Хамтлагийн зүгээс “Hun” цомог худалдаанд гарахаас өмнө сонсогчдыг дахин олон шинэ бүтээл хүлээж байгаа гэдгийг онцолжээ.
440 гаруй тоглолт, 900 саяд дөхсөн хандалттайгаар “The Hu” түүхэн амжилтаа үргэлжлүүлж байна
“The Hu” хамтлаг 2016 оноос хойш дэлхийн олон оронд 440-өөс дээш тоглолт хийж, тэдний дуу бүтээлүүд стриминг платформууд дээр нийтдээ 900 саяд ойртсон хандалт цуглуулсан байна. Энэ нь зөвхөн Монголын төдийгүй Азийн уран бүтээлчдийн хувьд ч тун ховор өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Тэд 2019 онд “Gereg” нэртэй анхны цомгоо гаргаж, уг бүтээл нь “Billboard”-ын “Hard rock” чартыг борлуулалтаараа тэргүүлсэн нь Монголын хөгжмийн түүхэнд шинэ амжилт болсон билээ. Мөн тэр жил “Yuve yuve yu”, “Wolf totem” зэрэг бүтээлүүд нь YouTube болон “Billboard”-ын рок дууны жагсаалтад нэгэн зэрэг багтаж, хамтлагийн олон улсын амжилтыг улам бататгасан юм.
Эдгээр амжилтын үр дүнд “The Hu” хамтлаг төрийн дээд шагналын нэг болох тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн анхны хамтлаг болж, Монголын орчин үеийн хөгжмийн түүхэнд онцгой байр суурь эзэлсэн хэвээр байна.
Шинэ цомог гарна гэдэг гоё мэдээ байна
The HU үргэлж өвөрмөц дуу гаргадаг шүү