Илон Маск өмнө нь Кристофер Ноланы The Odyssey киноны талаар эрс шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, өөрийн Grok хиймэл оюуны тусламжтайгаар Хомерийн туульд илүү ойр, түүхэн эх сурвалжид нийцсэн хувилбар бүтээж чадна хэмээн мэдэгдэж байсан.
Түүний энэхүү санааны эхний үр дүн болж, Хомерийн алдарт Одиссэй туульсаас сэдэвлэсэн долоон минут орчим үргэлжлэх эхний хэсэг цахим орчинд нийтлэгдсэн байна.
Уг бичлэгт Одиссэй Тройн дайнд явахаас зайлсхийхийн тулд солиотой хүний дүр эсгэж буй үйл явдал, гэр бүлээ орхин дайнд мордох мөч, улмаар Трой хотын бүслэлтийн эхлэл зэргийг харуулжээ.
Гэвч бүтээл нийтлэгдсэн даруйдаа үзэгчид болон кино шүүмжлэгчдийн зүгээс нэлээд хатуу үнэлгээ авсан байна.
Дүрүүд “амьгүй”, яриа нь роботын хоолой мэт гэжээ
The Guardian сонины кино шүүмжлэгч Питер Брэдшоу уг бүтээлийн дүрслэлийг хөшүүн, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг сул, ерөнхий визуал өнгө төрхийг хуучны компьютер тоглоомын графиктай төстэй хэмээн шүүмжилжээ.
Түүний дүгнэснээр дүрүүдийн яриа нэгэн хэвийн, роботын хоолой шиг сонсогдож, дүр бүрийн онцлог, сэтгэл хөдлөлийн ялгаа хангалттай мэдрэгдэхгүй байсан аж.
Ялангуяа Одиссэй амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргах, гэр бүлээсээ салж дайнд мордох мөчүүд нь үзэгчидтэй сэтгэлзүйн холбоо үүсгэх хэмжээнд хүрээгүй гэж Брэдшоу үзсэн байна.
Түүнчлэн далайгаар хөвөх хөлөг онгоц, тулаанд бэлтгэх хэсгүүд ч бодит зураг авалт бүхий киноны найруулга, дүрслэлийн шийдлээс илүү компьютерээр бүтээсэн, хиймэл мэдрэмж төрүүлсэн гэжээ.
AI кино хийх зардлыг бууруулж ч болох ч чанарыг орлох уу?
Энэхүү бүтээлтэй холбоотой шүүмжлэл хиймэл оюуныг кино үйлдвэрлэлд ашиглах асуудлыг дахин хурцаар сөхөж байна.
Техникийн хувьд AI богино хугацаанд дүрс, орчин, дүр бүтээх чадвартай болсон ч киноны гол хүч болох дүрийн сэтгэлзүй, найруулгын хэмнэл, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийн дотоод утгыг бүрэн орлож чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Шүүмжлэгчдийн байр сууринаас харахад Илон Маскийн туршилт визуал дүрслэл бий болгох боломжийг харуулсан ч “амьд” кинонд шаардлагатай хүний мэдрэмж, тоглолт, уран сайхны нарийн шийдэл дутагдсан гэж үзэж байна.
Нөгөө талаас хиймэл оюунаар кино бүтээх технологи цаашид үйлдвэрлэлийн зардлыг эрс бууруулж, жижиг баг ч томоохон хэмжээний дүрслэл хийх боломж нээж мэднэ. Гэвч зөвхөн бодит мэт зураг үүсгэх нь сайн кино бүтээхэд хангалтгүй бөгөөд дүрийн хөгжүүлэлт, өгүүлэмжийн логик, сэтгэл хөдлөлийн нөлөө илүү чухал хэвээр байгааг энэхүү шүүмжлэл онцолжээ.
Ийнхүү Илон Маскийн Grok-оор бүтээсэн Одиссэй-н эхний долоон минут техникийн туршилтын хувьд сонирхол татсан ч уран сайхны хувьд үзэгч, шүүмжлэгчдийг бүрэн үнэмшүүлж чадсангүй.