Электрон тамхи Монголд анх удаа хуулийн зохицуулалтад орж, 20 хувийн гаалийн татвартай боллоо

Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа томоохон өөрчлөлт орж, электрон болон халаадаг тамхийг анх удаа тамхины төрлийн бүтээгдэхүүний хуулийн зохицуулалтад хамрууллаа. УИХ өнөөдөр холбогдох нэмэлт, өөрчлөлтийг баталснаар эдгээр бүтээгдэхүүнд насны хязгаар, татвар, тусгай зөвшөөрөл, амт үнэрийн хориг зэрэг шинэ шаардлага үйлчлэхээр болж байна.

Хуулийн өөрчлөлтийг 78 УИХ-ын гишүүн хамтран санаачилж, ойролцоогоор жилийн өмнө өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн турш олон талын байр суурь, санал зөрөлдөөн өрнөжээ.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

“Энэ хуулийг 78 гишүүн хамтран санаачилж, жилийн өмнө өргөн мэдүүлж байв. Энэ хугацаанд олон талын байр суурь, санал зөрөлдөөн, ширүүн мэтгэлцээн өрнөсөн. Шүүмжлэл, дайралт, гүтгэлгүүдтэй ч нүүр тулсан. Гэхдээ бидний зорилго нэг байсан нь Монголынхоо иргэдийг, тэр дундаа хүүхэд залуусаа тамхины хор хөнөөлөөс хамгаалах явдал юм.

Хуулийн хэлэлцүүлгийн явцад парламентын ардчилал ямар байх ёстойг харуулсан олон талт, идэвхтэй мэтгэлцээн өрнөсөн нь өөрөө үнэ цэнтэй байлаа. Ардчилсан парламент гэдэг бол санал зөрөлдөөнгүй байхыг бус харин өөр өөр байр сууринаас мэтгэлцэж, нотолгоонд тулгуурлан хэлэлцэж, эцэст нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хэлдэг. Дараа дараагийн хуулиуд ч ийм амьд, бодит хэлэлцүүлгээр дамжин батлагдаасай гэж хүсэж байна.Хуулийн өөрчлөлтөөр электрон тамхийг тамхины төрлийн бүтээгдэхүүнд анх удаа хамруулж, амт, үнэрийг хорьж, хүүхдэд борлуулахыг хориглох, онцгой албан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн зохицуулалт бий болгох зэрэг чухал арга хэмжээ авч байна. Мөн уламжлалт янжуур тамхины татварыг нэмэгдүүлнэ.

Өнөөдөр Монгол Улс жил бүр 4,300 орчим иргэнээ тамхитай холбоотой өвчний улмаас алдаж байна. Тамхины хэрэглээ эрүүл мэнд, амь насанд ямар их хохирол учруулж байгааг бид мэдсээр байж үл тоомсорлож болохгүй. Тиймээс энэ бол зөвхөн тамхины тухай хууль биш. Энэ бол урьдчилан сэргийлэлт, хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагын тухай хууль юм.Хууль батлагдлаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Харин одоо хуулиа үр дүнтэй хэрэгжүүлж, бодит өөрчлөлт бий болгох ажил эхэлж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Электрон тамхины амт, үнэрийг хориглож, хүүхдэд худалдахгүй

Шинэчилсэн хуулиар электрон болон халаадаг тамхийг “тамхи” гэсэн ойлголтод багтааж, никотин агуулсан бүтээгдэхүүнүүдийг илүү тодорхой зохицуулалттай болгож байна.

Ингэснээр электрон болон халаадаг тамхийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулах эрх зүйн үндэс бүрдэнэ.

Мөн хамрын тамхи болон усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх төрлийн тамхи, татах төхөөрөмж болон тэдгээрийн эд ангид уламжлалт тамхинаас өөр амт, үнэр оруулахыг хоригложээ. Энэ хоригт гааны амт ч багтаж байна.

Гаалийн татварын хувьд электрон тамхи, ууршуулж хэрэглэдэг төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс болон соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулах юм.

Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнд онцгой албан татварын зохицуулалт үйлчлэх бөгөөд худалдаа, импортын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн шинэ шаардлага тавигдана.

Савлагаа, худалдааны цэгт ч шинэ шаардлага тавина

Хуулийн өөрчлөлт электрон тамхиар хязгаарлагдахгүй бөгөөд уламжлалт тамхины худалдаа, савлагаанд ч шинэ шаардлага оржээ.

Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр худалдахыг хориглох бол задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр савлан худалдах боломжгүй болно.

Тамхины савлагаан дээр байрлуулах зурагт анхааруулгын тухай анхны төсөлд савлагааны нүүрэн талын дор хаяж 70 хувийг эзлэх ёстой гэж тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг өөрчилжээ. Эцсийн байдлаар анхааруулга нь техникийн зохицуулалтад нийцсэн байх шаардлагатай болсон байна.

Худалдааны цэгүүдэд ч шинэ журам хэрэгжинэ. Тамхины бүтээгдэхүүнийг худалдан авагчийн нүдэнд шууд харагдах байдлаар өрөхгүй бөгөөд тусгайлан далд байршуулж, хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд үзүүлэх зохицуулалттай болжээ.

Ийнхүү электрон болон халаадаг тамхи Монгол Улсад анх удаа тамхины хяналтын эрх зүйн хүрээнд бүрэн багтаж, хүүхдэд худалдах хориг, амт үнэрийн хязгаарлалт, татвар, тусгай зөвшөөрөл болон худалдааны шинэ шаардлагуудтай болж байна.

Хууль батлагдсанаар зохицуулалтын үндэс бүрдсэн ч бодит үр дүн нь хэрэгжилт, хяналт шалгалт болон худалдааны байгууллагууд шинэ шаардлагыг хэрхэн мөрдөхөөс шалтгаалах юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу