Цаазын ял гүйцэтгэх оролдлогыг давсан Криста Пайк: “Би тэр шөнөөс хойш өвдөлтгүй нэг ч мөч өнгөрөөгүй”

АНУ-ын Теннесси мужид цаазын ял гүйцэтгэх оролдлогыг давж гарсан хоригдол Криста Пайк есдүгээр сард болсон үйл явдлын дараах анхны олон нийтэд хандсан мэдэгдлээ хийжээ.

50 настай Пайк пентобарбитал эмийг хоёр удаа судсаар тарьсны дараа амьд үлдсэн бөгөөд тухайн үед биеийн байдал нь хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр эмнэлгээс гарч, сүүлийн 30 орчим жил хоригдож буй шорондоо буцаагджээ.

Пайк мэдэгдэлдээ:

“Тэр шөнөөс хойш өвдөлт мэдрээгүй нэг ч мөч надад байгаагүй.”

гэжээ.

Мөн:

“Миний бүх бие өвдөж байна. Гар, сарвуу, хоолой өвдөж байна. Би одоо ч ярихдаа хүндрэлтэй. Гэхдээ өвдөлт зөвхөн бие махбодынх биш. Сэтгэл, оюун санаанд минь ч өвдөлт байна.”

хэмээн дурдсан байна.

Тэр эмнэлгээс гарсан ч бүрэн эдгээгүй гэжээ

Пайкийн өмгөөлөгчдийн өмнөх мэдээллээр цаазын ял гүйцэтгэх оролдлогын дараа тэрээр уушгины хатгалгаа тусаж, гар нь их хэмжээгээр хавдаж, залгихад хүндрэлтэй болсон байна.

Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ Пайк:

“Би эдгэрч байгаа, бас улам хүчтэй болж байгаагаа мэдэж байна. Гэхдээ эдгэрч байна гэдэг нь бүх зүйл зүгээр болсон гэсэн үг биш.”

гэжээ.

Тэрээр цаазын ял гүйцэтгэх шөнөөс цааш амьд үлдэнэ гэж өөрөө төсөөлөөгүй байснаа мөн ярьсан байна.

“Би тэр шөнөөс цааш амьдралаа төсөөлж байгаагүй.”

гэж Пайк хэлжээ.

Мөн тэрээр:

“Ийм олон хүнийг ийм хүнд нөхцөлд оруулсан чадваргүй ажиллагаа намайг маш их шархлуулж байна.”

хэмээн мэдэгдсэн байна.

1995 оны хүн амины хэргийн төлөө цаазын ял сонссон

Криста Пайк 18 настай байхдаа тухайн үеийн найз залуу Тадарил Шипптэй хамт 19 настай Коллин Слеммерийг зодож, тамлан хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял сонсжээ.

Тэд Слеммертэй бага орлоготой залууст зориулсан мэргэжлийн сургалтын төвд танилцсан байна.

Шипп гэмт хэрэг үйлдэх үедээ хууль ёсоор насанд хүрээгүй байсан тул цаазын ял аваагүй бөгөөд одоо ч хорих ял эдэлж байгаа юм.

Харин Пайк хор тарих аргаар цаазлах оролдлогыг амьд давсан цорын ганц хүн байж магадгүй гэж BBC мэдээлжээ.

Теннесси муж цаазын ялыг түр зогсоосон

Теннесси мужийн Засах газрын зүгээс цаазын ял яагаад төлөвлөсний дагуу хэрэгжээгүй талаар одоогоор тодорхой тайлбар өгөөгүй байна. Гэхдээ хэрэглэсэн аргачлалаа хамгаалсан байр суурь илэрхийлжээ.

BBC Пайкийн шинэ мэдэгдлийн талаар тайлбар авахаар хандсан ч тус байгууллага хариу өгөхөөс татгалзсан байна.

Теннесси мужийн амбан захирагч Билл Ли үлдсэн жилийн хугацаанд бүх цаазын ялыг түр зогсоож, яг юу болсныг тогтоох бие даасан шалгалт хийхийг үүрэг болгожээ.

Пайкийг дахин цаазлах оролдлого хийх эсэх талаар сэтгүүлчид асуухад Ли:

“Шүүх өөрөөр шийдэхгүй бол түүний ял өмнөхтэй адил хэвээр байна гэж би бодож байна.”

гэж хариулсан байна.

Криста Пайк Теннесси мужид 200 гаруй жилийн дараа цаазлуулах хуваарьт орсон анхны эмэгтэй байсан юм. Түүний өмгөөлөгчид олон жилийн турш шийдвэрийг давж заалдсан ч цаазын ял гүйцэтгэхийн өмнөх өдрүүдэд АНУ-ын Дээд шүүх болон амбан захирагч Билл Ли ял гүйцэтгэлийг зогсоохоос татгалзаж байжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу