Team Spirit Donk-ийг 10 сая ам.долларт ч зарахаас татгалзжээ

CS2-ийн дэлхийн шилдэг тоглогчдын нэг Данил “donk” Крышковецийн зах зээлийн үнэлгээ шинэ түвшинд хүрчээ. Украины Inner Circle баг түүнийг авахын тулд 10 сая ам.долларын санал тавьсан ч Team Spirit энэ саналыг хүлээж аваагүй байна.

Хэрэв шилжилт бүтсэн бол энэ нь CS2-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тоглогчийн наймаа болох байжээ.

Шинжээчид donk-ийн үнэлгээг 10 сая ам.доллар орчим гэж тооцож байгаа ч Team Spirit-ийн удирдлагууд түүнийг энэ үнээр зарах сонирхолгүй байгаа аж.

Team Spirit: Donk-ийн үнэ 10 саяас ч өндөр

Team Spirit-ийн маркетингийн захирал Константин “-tvd-” Мачаидзе багийнхаа гол тоглогчийг худалдах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр:

“Бид гол од тамирчнаа зарахгүй. Donk-ийн үнэ 10 саяас хамаагүй өндөр. Тэр бол Майкл Жордан, Коби Брайантын хэмжээний тоглогч. Зодог тайлтлаа “Spirit” багт үлдэх ёстой”

гэж мэдэгдсэн байна.

Team Spirit-ийн байр сууринаас харахад donk-ийг зөвхөн өндөр үнэтэй тоглогч бус, багийн урт хугацааны гол бэлгэ тэмдэг гэж үзэж байгаа аж.

2026 оны эхээр BC.Game Esports мөн түүнийг авахын тулд 5 сая ам.долларын санал тавьсан ч хариу авч чадаагүй байна.

Ингэснээр donk-ийн төлөөх санал хэдхэн сарын дотор хоёр дахин өссөн ч Team Spirit-ийн байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Мэргэжлийн тоглогчид Donk-ийг хэдээр үнэлэв?

Киберспортын нэгэн сайт мэргэжлийн тоглогчдоос “Donk-ийг хэдээр зарах ёстой вэ?” гэсэн асуулт тавихад хариултууд нь ихээхэн ялгаатай байжээ.

  • Brollan — 10 сая ам.доллар
  • BLitz — 5 сая ам.доллар
  • Mzinho — 5-7 сая ам.доллар
  • Makazze — 5 сая ам.доллар
  • IM — ямар ч үнээр зарахгүй
  • Wicadia — хэзээ ч зарахгүй
  • MAJ3R — ямар ч тохиолдолд зарахгүй
  • Dumau — 10 сая ам.доллар
  • Krabeni — 10-15 сая ам.доллар
  • Dziugss — зарахгүй
  • Staehr — 15 сая ам.доллар
  • TN1R — 2 кг төмс
  • Donk — 1 кг лууван

Тоглогчдын хариултаас харахад зарим нь donk-ийг 10-15 сая ам.долларын үнэлгээтэй гэж үзсэн бол зарим нь түүнийг ямар ч үнээр зарах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин donk өөрөө “1 кг лууван” гэж хошигносон нь уг санал асуулгын хамгийн хөгжилтэй хариултуудын нэг болсон байна.

Team Spirit 10 сая ам.долларын саналыг татгалзсанаар donk-ийн бодит зах зээлийн үнэ хэд хүрч болох тухай яриа улам хүчтэй өрнөж эхэлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу