Дэлхийн олон оронд амжилттай бүтээгдсэн “Top Chef” шоуны Монгол хувилбар тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. “Top Chef Mongolia” нэвтрүүлэг 2026 оны аравдугаар сарын 24-нөөс NTV телевизээр албан ёсоор гарч эхлэх бөгөөд Монголын шилдэг 15 тогооч 100 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөнө.
Шоуг NTV телевиз болон Nomadia Pictures хамтран бүтээж байгаа бөгөөд NBCUniversal-ийн албан ёсны “Top Chef” форматын дагуу Монголын үзэгчдэд зориулан нутагшуулжээ.
Энэхүү төсөл нь мэргэжлийн тогоочдын ур чадварыг сорихоос гадна Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжил, шинэ үеийн тогооч нарын авьяас, бүтээлч хандлагыг олон нийтэд таниулах зорилготой.
Үзэгчид шоуг NTV телевизээр Бямба гараг бүрийн 21:30 цагт хүлээн авах боломжтой. Харин Univision болон LookTV платформоор Пүрэв гараг бүр шинэ дугаар цацагдана.
Шилдэг тогооч болохын тулд зөвхөн амттай хоол хийх хангалтгүй
“Top Chef Mongolia”-ийн оролцогчид хоолны амт, үзэмжээс гадна түүхий эдээ хэрхэн сонгосон, технологийг зөв ашигласан эсэх, хугацаагаа хэрхэн хуваарилсан, гал тогооны ажлаа хэр зохион байгуулсан зэрэг олон үзүүлэлтээр өрсөлдөнө.
Мөн сорилт бүрд бүтээлч сэтгэлгээ, гэнэтийн нөхцөлд шийдвэр гаргах чадвар, мэргэжлийн туршлага, тэсвэр хатуужлыг нь шалгах юм.
Хязгаарлагдмал хугацаанд өндөр шаардлага бүхий гал тогооны орчинд ажиллах нь оролцогч бүрийн хувьд хамгийн том сорилтуудын нэг болно. Тэд зөвхөн нэг сайхан хоол хийх биш, дарамттай нөхцөлд алдаа гаргалгүй, өөрийн арга барил, ур чадвараа бүрэн харуулах шаардлагатай.
100 сая төгрөгийн шагнал нь шоуны гол урамшуулал боловч оролцогчдын хувьд үүнээс илүү өргөн боломж нээгдэнэ. Тэд мэргэжлийн нэр хүндээ өсгөх, өөрийн хэв маягийг олон нийтэд таниулах, цаашдын карьераа шинэ түвшинд хүргэх боломжтой.
Шоуны шүүгчээр С.Батмөнх буюу Demi, Я.Энхээ, Д.Тайван нар ажиллах бөгөөд тэд Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд юм.
Шүүгчид оролцогчдын бүтээлийг зөвхөн амтаар бус, техник, орцын зохицол, гүйцэтгэл, бүтээлч шийдэл, нийт концепц зэрэг мэргэжлийн шалгуураар үнэлнэ.
Шалгуур өндөр байх учраас нэг жижиг алдаа хүртэл оролцогчийн дараагийн шатанд үлдэх эсэхэд нөлөөлж болох юм.
Хоолны шоунаас илүү өргөн агуулгатай төсөл
“Top Chef Mongolia” нь өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Шоугаар дамжуулан мэргэжлийн гал тогооны ард ямар хөдөлмөр өрнөдөг, тогооч хүн ямар дарамт, зохион байгуулалт, нарийн ажиллагаатай нүүр тулдгийг үзэгчдэд харуулахыг зорьж байна.
Түүнчлэн хүнсний түүхий эдийг үр ашигтай хэрэглэх, хүнсний хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зэрэг сэдвүүдийг шоуны хүрээнд хөндөнө.
Ингэснээр хоолыг зөвхөн амт, үзэмжийн талаас бус, хэрэглээ, соёл, хариуцлагын өнцгөөс харуулах боломж бүрдэх юм.
Олон улсын нэр хүндтэй форматыг Монголын хоолны өв, орчин үеийн гастрономийн чиг хандлагатай хослуулж буй “Top Chef Mongolia” нь дотоодын телевизийн контентын шинэ түвшний бүтээл болох зорилготой.
Монголын 15 тогооч 100 сая төгрөгийн төлөө өрсөлдөх энэ шоу Бямба гараг бүр үзэгчдийн анхаарлыг татах шинэ контентуудын нэг болох нь хүлээлт үүсгээд байна.