Нинбаогийн ДАШТ-д Монголын дөрвөн туйванч хүч үзнэ

БНХАУ-ын Нинбао хотод үргэлжилж буй хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөөр байна.

Аравдугаар сарын 27-нд эхэлсэн тэмцээн арваннэгдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн ДАШТ-д 99 орны нийт 528 тамирчин мэдүүлгээ өгчээ.

Монголын багийг дасгалжуулагч Ч.Март удирдаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн гурван жинд дөрвөн тамирчин хүч үзэх юм.

69 кг-ын жинд Б.Хонгорзул, 86 кг-д Л.Болортуяа, +86 кг-ын жинд Б.Энхжин, Г.Чинболор нар Монгол Улсаа төлөөлөн тавцанд гарна.

Б.Хонгорзул хамгийн түрүүнд өрсөлдөнө

Монголын тамирчдаас Б.Хонгорзул хамгийн эхэнд тэмцээнээ эхлүүлэх хуваарьтай. Тэрээр эмэгтэйчүүдийн 69 кг-ын “B” группт багтсан бөгөөд арваннэгдүгээр сарын 3-нд өрсөлдөнө.

86 кг-ын “C” группт Л.Болортуяа арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд хүчээ сорих бол +86 кг-ын жингийн Б.Энхжин, Г.Чинболор нар ДАШТ-ий сүүлийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд тавцанд гарах юм.

Ингэснээр Монголын багийн үндсэн өрсөлдөөн арваннэгдүгээр сарын 3-наас эхэлж, тэмцээн өндөрлөх өдөр хүртэл үргэлжилнэ.

Одоогийн байдлаар медалийн өрсөлдөөнд Хойд Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар амжилттай оролцож байна. БНХАУ нэг алт, нэг мөнгө, Турк нэг мөнгөн медаль хүртээд байгаа бол Тайвань болон АНУ тус бүр нэг хүрэл медальтай байна.

Монголын дөрвөн тамирчин ийнхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр Нинбаогийн тавцанд гарах гэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу