Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д аравдугаар сарын 29-ний 20:56 цагт техникийн гэмтэл гарснаар станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр аравдугаар сарын 30-нд Дархан-Уул аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан болон сэргээн засварлах ажлын явцтай танилцсан байна.
Гэмтэл гарсан тоноглолыг тусгаарласны дараа Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч станцын ажиллагааг дахин эхлүүлжээ. Үүний үр дүнд аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн бөгөөд станцын үйл ажиллагааг бүрэн сэргээх ажил 70 хувьтай үргэлжилж байна.
Вакуум таслуурын гэмтэл гал гарах нөхцөл үүсгэжээ
Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуурт гэмтэл гарч, гал гарах эрсдэл үүссэн байна.
Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажилласнаар гэмтэл цааш даамжрахаас сэргийлж, станцын тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь зогсоожээ.
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан:
“1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“
гэж мэдэгджээ.
Шинэ станц болон тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай гэж үзэв
Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт болон одоогийн техникийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ удаагийн гэмтэл нь цаашид илүү том эрсдэл үүсэж болзошгүйг сануулсан дохио гэдгийг онцолсон байна.
Тэрээр станц бүрэн зогсох тохиолдолд зөвхөн Дархан-Уул аймаг бус, Төвийн бүсийн эрчим хүчний системд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тэмдэглэжээ.
Иймээс станцын удирдлага, холбогдох яам болон мэргэжлийн байгууллагууд хамтран дахин ийм нөхцөл үүсэхээс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээсэн байна.
Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авах үнэ өртөг болон холбогдох тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулах чиглэл өгчээ. Үүнээс гадна Засгийн газар болон Улсын онцгой комиссоос ямар дэмжлэг шаардлагатайг тодорхой болгохыг үүрэг болгосон байна.
Дарханы дулааны цахилгаан станц 1965 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр хэвээр байна.
Станцын насжилт нэмэгдэж, тоног төхөөрөмжийн ачаалал өссөнтэй холбоотойгоор шинэчлэл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон хоёр дахь дулааны эх үүсвэр бий болгох асуудал бүс нутгийн эрчим хүчний найдвартай хангамжид чухал ач холбогдолтой хэвээр байна.