Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд тусгайлан боловсруулсан SMS илгээх замаар төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулах боломжтой ноцтой эмзэг байдал илэрсэн байна. “SMS of Death” гэж нэрлэгдсэн уг асуудал нь утасны дуудлага хариуцдаг системийг гэнэт зогсоож, зарим тохиолдолд яаралтай тусламжийн дуудлагыг хүртэл тасалдуулж болзошгүй гэж Android Authority мэдээлжээ.
Эмзэг байдлыг аюулгүй байдлын судлаач Марк Блащищик илрүүлсэн байна. Энгийн SMS-ээс ялгаатай нь хортой мессеж хэрэглэгчийн ирсэн зурвасын жагсаалтад харагддаггүй тул ямар нэгэн тодорхой анхааруулга өгдөггүй аж.
Харин уг зурвас утасны дуудлагын системийг доголдуулж, ижил мессеж дахин ирэх бүрд асуудлыг давтан үүсгэх боломжтой байна.
20 орчим SMS утсыг бараг ашиглах боломжгүй болгож магадгүй
Судлаачийн тайлбарласнаар ийм төрлийн 20 орчим мессеж дараалан ирэхэд төхөөрөмж бараг ашиглах боломжгүй болж, зарим тохиолдолд дахин дахин асаж унтардаг циклик restart-д орох эрсдэлтэй байна.
Үйлдвэрийн тохиргоонд буцаах нь ч заавал асуудлыг шийдэхгүй байж болох аж. Учир нь операторын сүлжээ өмнөх доголдол үүсгэсэн зурвасуудыг дахин илгээвэл систем дахин эвдрэх боломжтой.
Төхөөрөмжийг бүхэлд нь цэвэрлэхгүйгээр сэргээхийн тулд компьютер ашиглан утсанд холбогдож, асуудал үүсгэсэн SMS-ийг гараар устгах шаардлага гарч магадгүй гэж судлаач тайлбарлажээ.
Тэрээр энэхүү халдлагыг Google Pixel болон Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр амжилттай давтан туршсан байна.
Эмзэг код Android 12-оос хойш байжээ
Мэдээллээр асуудалтай код Android 12-оос хойш системд байсаар ирсэн байна. Гэхдээ бодит эрсдэл нь тухайн төхөөрөмж үйлдвэрлэгчийн аюулгүй байдлын шинэчлэл авсан эсэхээс шууд хамаарах аж.
Блащищикийн хэлснээр тэрээр уг асуудлын талаар тавдугаар сарын 5-нд Google-д анх мэдээлсэн ч компани эхэндээ үүнийг аюулгүй байдлын ноцтой эрсдэл гэж хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гэсэн хэдий ч Android-ийн кодын бүртгэлээс харахад засварыг зургадугаар сарын 15 гэхэд боловсруулсан байжээ.
Шинэчилсэн код нь системийг давтан доголдохоос хамгаалж, асуудалтай мессежийг дараагийн алдаа үүсэхээс өмнө устгах зориулалттай байна.
GrapheneOS-ийн мэдээлснээр Google-ийн аюулгүй байдлын өмнөх хувилбаруудаар дамжуулан уг засварын зарим хэсгийг долдугаар сараас түгээж эхэлсэн аж.
CVE-2026-58882 гэсэн дугаар авчээ
Уг эмзэг байдал CVE-2026-58882 гэсэн бүртгэлийн дугаар авч, аюулын түвшнийг “critical” буюу нэн өндөр гэж үнэлжээ.
Судлаачийн мэдээлснээр засварыг Android 14-17 хувилбарын аравдугаар сарын аюулгүй байдлын шинэчлэлд оруулсан байна. Мөн асуудлыг арваннэгдүгээр сарын Android Security Bulletin-д албан ёсоор дурдахаар байгаа аж.
Гэхдээ шинэчлэл хэрэглэгчдийн төхөөрөмжид яг хэзээ хүрэх нь үйлдвэрлэгч болон тухайн загвараас шалтгаална.
Иймээс Android хэрэглэгчид төхөөрөмждөө боломжтой хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэлийг суулгасан эсэхээ шалгах нь энэхүү эмзэг байдлаас хамгаалах үндсэн арга болж байна.