Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт хүрэн баавгай айлын мал руу халдсан тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, тус сумын III багийн Тариат гэх газарт арваннэгдүгээр сарын 5-нд баавгай мал руу дайрсан байна. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Төмөрбулаг сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн тухайн газарт ажиллаж байгаа аж.
Хөвсгөлд баавгайтай холбоотой 145 дуудлага бүртгэгджээ
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн нийт 145 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эдгээр дуудлагатай холбоотойгоор нийт 167 баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол тогтоогджээ. Улмаар хүний амь нас, эд хөрөнгө болон мал сүрэгт эрсдэл учруулж болзошгүй нөхцөлөөс шалтгаалан 20 баавгайг устгасан байна.
Хүрэн баавгайн ичээнд орох үе хэдийн болсон ч зарим нь өвлийн идэш тэжээлээ хангалттай нөөцөлж амжаагүйгээс айл, суурьшлын бүс болон мал сүрэгт ойртсон тохиолдлууд үргэлжилж байгаа аж.
Малчдыг уул, ойд явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав
Ийм нөхцөл байдал үргэлжилж байгаа тул малчид хөдөө явах, малаа эрж хайх, алдуул малын араас уул, ой руу гарах үедээ онцгой сонор сэрэмжтэй байхыг аймгийн Байгаль орчны газраас зөвлөжээ.
Хөвсгөл аймаг ой, тайгын бүс нутаг ихтэй учир хүрэн баавгайн тархац өргөн байдаг. Тухайлбал Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумын нутагт хүрэн баавгай тархан амьдардаг байна.