COP17-оос тэрбумын санхүүжилт: Улаанбаатарын хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад хүргэлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арваннэгдүгээр сарын 12-нд Туркийн Анталья хотод эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн COP31 бага хурлын үеэр Улаанбаатарт зохион байгуулсан цөлжилттэй тэмцэх COP17 хурлын үр дүнг танилцуулжээ. Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийг харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна.

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болсон COP17 хурлаас Улаанбаатарын тунхаглал болон нийт 34 шийдвэр гаргажээ. Хурлын хүрээнд бэлчээр хамгаалах, газар нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг бууруулах чиглэлд дараах санхүүжилт, механизмыг бүрдүүлсэн байна.

  • 1.2 тэрбум ам.доллар: Бэлчээрийн тэргүүлэх санаачилгад багтсан 45 төслийн санхүүжилт.
  • Ойролцоогоор 1.3 тэрбум ам.доллар: Дэлхийн 23 оронд газар нөхөн сэргээж, ган, зудыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд зориулсан хөрөнгө.
  • 400 сая ам.доллар хүртэл: Ганд тэсвэрлэх чадварыг дэмжих хөрөнгө оруулалтын шинэ механизм. Үүнийг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Люксембургтай хамтран боловсруулжээ.

Хурлыг зохион байгуулсан Монгол Улс бэлчээр, ус, газрын тогтвортой ашиглалтыг дэмжих “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” буюу Steppe Action Agenda-г мөн эхлүүлсэн байна.

Цаашид COP17-оос гарсан шийдвэрүүдийг үндэсний бодлого, төсөвтэй уялдуулж, бодит талбарт хэмжиж болохуйц үр дүнд хүргэх нь дараагийн гол зорилт болохыг Б.Батцэцэг онцолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу