Австралийн Мельбурн хотод арваннэгдүгээр сарын 28-нд Barbie хүүхэлдэйн 67 жилийн замналыг харуулах үзэсгэлэн нээгдэнэ. Тавдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд 250 гаруй үзмэр багтах бөгөөд тэдгээрийн 150 нь хүүхэлдэй байх аж. Мөн Barbie-гийн байшин, автомашин, хувцас, найзууд болон түүний эрэгтэй найз Ken-ийг танилцуулна.
Австралийн спортын оддын дүртэй хүүхэлдэйнүүдийг үзүүлнэ
Зохион байгуулагч Michael Reason үндсэн цуглуулгаас гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлгүүд байгааг дурджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бүтээсэн теннисний од Evonne Goolagong Cawley, Ash Barty нарын дүртэй Barbie-г дэлгэн үзүүлэх юм.
Түүнчлэн Австралийн хөлбөмбөгийн лигийн саяхны шигшээ тоглолтод амжилт гаргасан нэгэн тамирчны дүрээр бүтээсэн хүүхэлдэй ч үзэсгэлэнд багтжээ.
Харин цуглуулгын хамгийн онцлох үзмэр нь 1959 онд үйлдвэрлэсэн анхны Barbie байх аж. Хар, цагаан судалтай усны хувцас өмссөн энэ хүүхэлдэй брэндийн түүхийн эхлэлийг төлөөлнө.
Ягаан өнгө хэрхэн Barbie-гийн таних тэмдэг болов?
Үзэсгэлэн зөвхөн хүүхэлдэйн загварын өөрчлөлтийг харуулахаар хязгаарлагдахгүй. Мөн XX, XXI зууны хамгийн амжилттай брэндүүдийн нэг хэрхэн бий болж, хөгжсөнийг өгүүлэх юм.
Barbie дэлхийд танигдсан брэнд болоход ягаан өнгө чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Mattel компани 1970-аад онд энэ өнгийг брэндийнхээ гол дүр төрх болгох шийдвэрийг зориудаар гаргажээ.
Үүнээс өмнө Barbie-гийн бүтээгдэхүүнүүд олон янзын өнгө, загвартай байсан бөгөөд нэг өнгөөр нэгдсэн төрхгүй байв. Харин шинэ чиглэлийн дагуу хүүхэлдэйн хувцас, дагалдах хэрэгсэл, сав баглаа боодол ягаан өнгөөр жигдэрсэн байна.
Сарны аяллаас өмнө сансрын нисгэгч болсон хүүхэлдэй
Barbie-гийн төрх, мэргэжлийн сонголтууд тухайн үеийн нийгмийн сонирхол, хүсэл тэмүүллийг тусгаж иржээ. Үүний нэг жишээ нь сансрын нисгэгч Barbie юм. Neil Armstrong 1969 онд саран дээр хөл тавихаас дөрвөн жилийн өмнө ийм дүртэй хүүхэлдэй худалдаанд гарсан байв.
Зохион байгуулагчдын тайлбарласнаар, цаг үе болон чиг хандлагын томоохон өөрчлөлтүүдэд дасан зохицохын зэрэгцээ өөрийн онцлогийг хадгалсан нь Barbie олон арван жил оршин тогтносны гол шалтгаануудын нэг аж. Ийм урт хугацаанд тасралтгүй байр сууриа хадгалсан тоглоомын брэнд тун ховор гэдгийг тэд онцолжээ.
Лондонд 144 мянга гаруй үзэгч татсан үзэсгэлэн
Лондонд болсон Barbie-гийн үзэсгэлэнг 144 мянга гаруй хүн үзсэн байна. Ингэснээр Design Museum-ийн хамгийн олон үзэгчтэй үзэсгэлэнгүүдийн дөрөвдүгээрт бичигджээ.
Мельбурнд нээгдэх үзэсгэлэн ч хүүхдүүдээс эхлээд Barbie-тай өссөн насанд хүрэгчид хүртэл олон үеийн үзэгчдийн сонирхлыг татна гэж зохион байгуулагчид хүлээж байна.