Украины Аюулаас хамгаалах алба (СБУ) Крымийн гүүрний усан доорх тулгуурыг тэсрэх бодисоор дэлбэлэх тусгай ажиллагаа явуулсан тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тус ажиллагааг СБУ-ын тэргүүн, дэслэгч генерал Васил Малюк биечлэн удирдсан бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд Крымийн гүүрт чиглэсэн хамгийн нууцлаг, оновчтой довтолгоо болж байна.
ОХУ-ын 2014 онд түрэмгийлэн нэгтгэсэн Крымийн хойгийг эх газартай холбодог тус гүүрийг олон сарын турш төлөвлөсөн ажиллагааны хүрээнд дэлбэлсэн бөгөөд 1,100 кг тротилын тэнцэх хэмжээний тэсрэх бодисыг тулгуурын доод хэсэгт байрлуулсан байжээ. СБУ мэдэгдэлдээ “дэлбэрэлт гүүрний бүтцийг ноцтой гэмтээсэн” хэмээн тодотгосон байна.
Оросын эрх баригчид эхлээд Мягмар гарагийн өглөө гүүрний хөдөлгөөнийг гурван цагийн хугацаанд хаасан ч, ямар ч тайлбаргүйгээр өдөр дахин хаасан нь олон нийтийн анхаарлыг татжээ. ОХУ-ын албан ёсны эх сурвалжууд энэхүү дэлбэрэлтийн талаар тайлбар хийгээгүй ч, цэргийн блогчид халдлагыг тэсрэх бодис бус усан доорх дрон ашигласан байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.
Васил Малюк мэдэгдэлдээ:
“Манай улсын нутаг дэвсгэрт Оросын хууль бус байгууламж байх ёсгүй. Тиймээс дайсны цэргийн хангамжийн шугам болгон ашигладаг Крымийн гүүр бол бидний хууль ёсны бай” хэмээн онцоллоо.
Энэхүү гүүр, өөрөөр хэлбэл Керчийн гүүрийг 2018 онд ашиглалтад оруулах ёслолд Владимир Путин биечлэн оролцож байсан ба Крымийг Орост нэгтгэсэн улс төрийн бэлгэдэл хэмээн үздэг учраас маш өндөр хамгаалалттай байгууламжийн тоонд ордог.
Украины тусгай албад өмнө нь 2022, 2023 онд агаараас Крымийн гүүрийг онилон довтолсон бол энэ удаа усан доорх тактик ашигласан нь шинэ түвшинд гарсан ажиллагаа хэмээн үнэлэгдэж байна.
Крымийн гүүрний халдлага СБУ-ийн “Аалзны тор” нэртэй бас нэг томоохон тусгай ажиллагаанаас ердөө 48 цагийн дараа явагджээ. Уг ажиллагааны хүрээнд тэд 100 гаруй нисгэгчгүй онгоцоор Оросын стратегийн нисэх хүчний баазуудыг онилон цохилт өгч, ихээхэн хохирол учруулсан байна.