Туулайн чих, хурц шүд, гэнэн инээмсэглэл хосолсон энэ өвөрмөц дүрийг “Лабубу” гэдэг. Анх 2015 онд уран бүтээлч Касинг Лунг өөрийн “The Monsters” цувралын хүрээнд бүтээсэн уг жижиг мангас өдгөө дэлхий дахины цуглуулагчдын сонирхлыг татаж, жинхэнэ тренд болон хувирчээ.
Хятадын алдарт Pop Mart компанийн хамгийн эрэлттэй цуглуулгын нэг болсон Лабубу нь өнгөрсөн жилээс эхлэн олон улсад эрчимтэй тархаж, Монголын хэрэглэгчдийн дунд ч анхаарал татах болсныг онцлох нь зүйтэй.
Энэ бяцхан мангас нь зүгээр ч нэг тоглоом бус, орчин үеийн соёлын нэгэн илэрхийлэл болон хувирсан байна. Дизайны өвөрмөц шийдэл, дүр төрхийн эсрэгцэл бүхий ялгарал нь Лабубуг хүүхэлдэйн сонирхогчид төдийгүй уран бүтээлчид, залуу үеийн шүтэн бишрэгчдийн дунд онцгой байр суурь эзлэхэд хүргэжээ.