Трамп нэрэнд нь сэтгэл дундуур байсан ч хоёр цацагт хяруулыг өршөөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярыг угтан Цагаан ордонд болсон уламжлалт ёслолын үеэр хоёр цацагт хяруулд бэлгэдлийн өршөөл үзүүлжээ.

Энэ жилийн Талархлын баяр арваннэгдүгээр сарын 26-нд тохиож байгаа бөгөөд баярын ширээний зоог болохоос аврагдсан хоёр шувууг Freedom (Эрх чөлөө), Feathers (Өд) хэмээн нэрлэсэн байна.

Хоёр шувууны нэр Трампад таалагдсангүй

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп цацагт хяруулуудын нэрийг сонсоод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэнээс илүү сайхан нэр байдаг даа. Нэг л сонин нэр байна” хэмээн хэлсэн байна. Гэсэн ч Ерөнхийлөгч хоёр шувуунд “Бүрэн өршөөл” үзүүлж байгаагаа зарлажээ.

Ингэснээр Freedom, Feathers нэртэй цацагт хяруулуудыг баярын зоогт хэрэглэхгүй бөгөөд шувууны аж ахуйд шилжүүлэн, насан туршид нь тэжээхээр болсон байна.

Уламжлалын түүх Авраам Линкольнтой холбогддог

Цагаан ордонд Талархлын баяраар цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслол нь АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольнтой холбоотой түүхэн домгоос эхтэй гэж үздэг.

XIX зуунд Ерөнхийлөгч Линкольн баярын зоогт зориулсан цацагт хяруулыг хүүгийнхээ хүсэлтээр өршөөж, амьд үлдээсэн гэх түүх бий.

Өдгөө энэхүү ёслол АНУ-ын Талархлын баярын өмнөх уламжлалт арга хэмжээнүүдийн нэг болжээ.

Цацагт хяруулд өршөөл үзүүлэх нь хууль эрх зүйн шийдвэр бус, баярын бэлгэдлийн шинжтэй ёслол юм. Энэ удаа Трамп хоёр шувууны нэрийг шүүмжилсэн ч уламжлалыг үргэлжлүүлж, тэднийг баярын зоог болохоос аварлаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу