Улаанбаатар хотын авто зам дагуух бродюрыг жил бүр дахин дахин сольдог явдал олон нийтийн шүүмжлэлд өртөж ирсэн. Харин хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудсандаа энэхүү асуудлын шалтгаан болон цаашид хэрэгжүүлэх бодлогынхоо талаар дэлгэрэнгүй тайлбар хийжээ.
Тэрбээр бичихдээ, “2024 оноос өмнө нийслэлийн замд ашиглаж байсан бродюруудыг дотоодын компаниуд үйлдвэрлэж, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг байсныг” онцолсон байна. Тухайлбал, эдгээр бродюрууд 1–2 жилийн дотор байгалийн нөхцөл, давс, бодисын нөлөөг даалгүй үйрч хагардаг байсан тул хот жил бүр шахуу сольж байжээ.
Хотын даргын хэлснээр, “Бетоны орц буруу, цемент бага, бусад хольц ихтэй байсан нь бат бөх чанарыг алдагдуулдаг. Мөн намар орой үйлдвэрлэгдсэн эдлэлүүд бүрэн бэхжээгүй үедээ зам дээр тавигдаж, өвлийн турш давсны уусмалаар элэгдэж эвдэрдэг байв. Түүнчлэн хувийн хэвшлийн хяналтгүй үйлдвэрүүд шаардлага хангахгүй эдлэл олноор үйлдвэрлэж, нийлүүлдэг байсан нь асуудлыг улам даамжруулсан” гэв.
Эдгээр шалтгааны улмаас Нийслэл хот 2024 оноос эхлэн байгалийн чулуун бродюр ашиглах шийдвэр гаргасан бөгөөд уг ажлыг сонгуультай зэрэгцүүлэн эхлүүлсэн гэдгийг Х.Нямбаатар онцолсон юм. Шинэ бродюрууд нь 20–30 жилийн настай, зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бүр 50 жил ч ашиглах боломжтой аж. Ингэснээр бродюрын асуудал жил бүр сөхөгддөг уламжлалт цикл дуусгавар болох гэж байна.
Түүнчлэн хотын дарга “Энэ жилээс явган замыг мөн байгалийн чулуугаар хийх ажлыг эхлүүлээд байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд энэ ажлыг үндэсний компаниуд гүйцэтгэж буй тул нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, ажил зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудалд анхаарч байгаа аж.
Тэрбээр бүтээн байгуулалтын улирал хязгаартай, богино хугацаанд амжуулах шаардлага өндөр байдгийг онцолж, “Есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө замын ажил, шинэчлэлээ дуусгаж чадвал хот илүү өнгөтэй, цэмцгэр харагдах болно” хэмээн тайлбарлажээ.