Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Айлчлалын ач холбогдол ба гол хэлэлцэх асуудлууд
Энэхүү айлчлал нь Монгол, Казахстан хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн дараа болж байгаа бөгөөд Монголын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлогтой юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч К.Токаев нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ өрнүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд хамтарсан мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Уулзалт, хэлэлцээний үеэр хоёр тал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг дүгнэж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагаанд эдийн засгийн илүү өргөн агуулга шингээх, олон улс болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.
Мөн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Бизнес форум, соёлын арга хэмжээ, харилцааны түүх
Төрийн айлчлалын хөтөлбөрт Казахстан-Монголын бизнес форум багтаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ Астана хотод анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт болон гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн айлчлалынхаа үеэр Астана хотод болох экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсон гэж үздэг. Тухайн үед хоёр улсын төрийн тэргүүнүүд уламжлалт найрсаг харилцааны түвшнийг ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хүрснээ албан ёсоор тунхагласан юм. Ингэснээр Казахстан улс Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны стратегийн түнш орон болсон билээ.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Үүнээс хойш төрийн тэргүүний түвшний харилцан айлчлалууд тогтмол хэрэгжиж иржээ. Тухайлбал, 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан улсад төрийн айлчлал хийж байсан бол Казахстаны талаас 1993, 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев, 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев нар Монгол Улсад айлчилсан байна.