29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Шударга татварын тогтолцоо хэрэгтэй”: НӨАТ, ХХОАТ-ын шинэчлэл олон нийтийн анхаарлын төвд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удирдан явуулж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан юм.

Иргэн Ч.Хантүмэн: “НӨАТ-ын тогтолцоо шударга биш”

Иргэн Ч.Хантүмэн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ хууль ёсоор бизнес эрхэлж буй хүмүүс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгчиддөө дарамтлуулж байгааг онцлов. Тэрээр “Зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт өгдөггүй. 35 жилийн хугацаанд энэ асуудлыг шийдэж чадаагүй бол эсвэл бүр НӨАТ-ыг авхаа боль. Шударга байцгаая” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн татвар төлдөг бизнес эрхлэгчдийг банкуудын зээлийн шалгуураар хавчиж буйг шүүмжилж, хууль бусаар хоёр тайлан гаргаж, НӨАТ төлдөггүй байгууллагууд илүү хөнгөлөлт эдэлж буйг онцолсон.

Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: “Хөрөнгө оруулалтын татварыг 1% болго”

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах нь зах зээлийг тэлэх гол түлхэц болно гэж тайлбарлав. Тэрээр “Нээлттэй санхүүгийн бүтээгдэхүүнд 5%, хаалттайд 10% татвар ногдуулж буй нь олон улсын жишигтэй зөрчилдөж байна. Хонконг, Сингапур зэрэг улсад энэ төрлийн татвар тэг хувьтай. Харин Монголд гадаадын иргэн хөрөнгө оруулбал 20-30% татвартай тул тэднийг үргээж байна” гэлээ.

О.Уламсайхан: “Өндөр татвар ядуу эдийн засгийг авардаггүй”

“Ноорог” медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан: “Өндөр татварын бодлого хөгжиж буй орнуудад тохиромжгүй. АНУ ч өөрийн эдийн засгийн сул үед татварыг 1-3 хувиар барьж байжээ. Иргэдийнх нь амьжиргаа дорой байхад өндөр татвар ногдуулж эдийн засгийг аварна гэдэг ойлголт бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Нягтлан Тунгалагтамир: “Иргэд давхар татварт дарагдаж байна”

25 жил ХХОАТ, НДШ төлсөн туршлагатай нягтлан бодогч Тунгалагтамир: “Монголд цалингийнхаа 40 хувийг татварт өгч, дараа нь худалдан авалт бүртээ дахин НӨАТ төлдөг. Цалингийн хэмжээ татвар ногдуулалтын өмнөх тоогоор тогтоогддог нь иргэдийн амьдралд маш их дарамт болж байна” гэлээ.

Ж.Баярмаа: “ХХОАТ-ыг 1 хувь болгохыг 100 мянган хүн дэмжсэн”

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан ‘ХХОАТ-ыг 10%-аас 1% болгох’ цахим өргөдөлд долоо хоногийн дотор 100 мянган хүн гарын үсэг зурсан. Уг санааг би дэмжиж, хоёр долоо хоногийн өмнө хуулийн төсөл санаачилж байгаагаа зарласан. Одоо энэ төслийг УИХ-ын вэбсайтад байршуулсан” хэмээн тайлбарласан юм.

Дүгнэлт

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонх нь одоогийн татварын тогтолцоо шударга бус, шударгаар татвар төлөгчдийг шийтгэж буйг шүүмжилж, татварын бодлогыг шинэчлэх шаардлагатайг онцолсон юм. ХХОАТ болон НӨАТ-ын зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, татварын ачааллыг бууруулах нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит үр өгөөж өгөх чухал алхам болохыг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here