Улаанбурхан өвчний дэгдэлт: 9,096 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хот хамгийн өндөр халдвартай байна

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр зохион байгуулагдаж, улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.

2025 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 9,096 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 46.9 хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлж байгааг хуралдааны үеэр мэдээлэв.

Энэ талаар НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй:

“Нийт 54,360 хавьтлын хүүхдээс УГУ бүрэн тунд 14,924 нь хамрагдсан. Харин дархлаажуулалтын бүрэн тун аваагүй 39,436 хүүхэд байснаас 32,042 хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн 10-14 насны 42,505 хүүхдийг дахин вакцинжуулах шаардлагатай” гэж онцоллоо.

Нийслэлийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтов:

Дархлаажуулалт болон тандалтын бэлэн байдлыг нэмэгдүүлэх
– Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг тодорхойлон шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх.

Эрсдэлтэй орчинд хяналт тавих
– Хүүхдийн зуслан, асрамжийн газар, халамжийн төвүүдэд хяналт, шалгалт зохион байгуулж, вакцинжуулалтад бүрэн хамруулах.

Дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг бүрэн хамруулах
– 0–15 насны хүүхдүүдийн судалгааг дахин гаргаж, ирэх долдугаар сарын 10-наас өмнө дархлаажуулалтын хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилт тавив.

Төрийн байгууллагууд улаанбурхан өвчний цаашдын тархалтыг зогсоохын тулд бүх түвшинд шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу