Өчигдөр Улсын Их Хурал (УИХ)-ын зарим гишүүд Боловсролын сайдыг огцруулахыг шаардсан мэдээлэл хийсэн. Тэд сургуулийн менежментийг сайжруулах төсөлд 1.2 тэрбум төгрөг зарцуулж байгааг авлига, ашиг сонирхлын асуудал хэмээн шүүмжилсэн байна. Энэ асуудлаар сэтгүүлчид Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулга авахад, тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
- 1.2 тэрбум төгрөгийн талаарх таны тайлбар?
- Энэ 1.2 тэрбум төгрөг бол 2022 онд Боловсролын яамнаас зарласан “Сургуулийн менежментийг сайжруулах жил” гэж тодорхойлсон ажлын хүрээнд зарцуулагдаж байгаа хөрөнгө. 2022 оноос хойш энэ төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд өмнөх сайдын тушаалаар зохион байгуулагдсан бөгөөд би үүнийг амжилттай үргэлжлүүлсэн. Үүний үр дүнд 80 сургууль байсан бол 120 сургуулийг хамруулсан. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 705 сургуулийн 120 нь энэ төсөлд хамрагдаж байна. Голчлон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд хамрагдаж байгаа бөгөөд үр дүн нь харагдаж байгаа. Жишээ нь, Дундговь аймгийн Элсэлтийн шалгалтын дүн сайжирсан. Төсөл хэрэгжүүлж буй сургуулиудын 90 хувь нь өндөр сэтгэл ханамжтай байна гэж мэдээлэл ирсэн. Сургуулийн менежмент, сургалтын чанар сайжирч, захирлууд зөвхөн засвар үйлчилгээ биш, сургалтын чанар, хүүхэд, эцэг эхийн сэтгэл ханамжийг бодож ажиллах нь чухал.
- Сургуулийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага ямар ажил хийдэг вэ?
- Энэ төсөлд Ж.Галбадрах гишүүний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага оролцсон. 300 гаруй сургуулиуд тус төсөлд хамрагдах хүсэлтээ өгснөөс 120 нь сонгогдсон.
- Багш нар, сургуулиуд энэ төрийн бус байгууллагыг өөрсдөө сонгосон уу?
- Тийм ээ, сургуулиуд өөрсдөө сонгосон.
- Тэгвэл бүгд нэг төрийн бус байгууллагыг сонгосон гэсэн үг үү?
- Тийм ээ. Энэ чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага гэж үзсэн. Төрийн байгууллагаас оролцоо байхгүй. Үр дүн нь гарч байна.
- Таныг огцруулах асуудал яригдаад эхэллээ. Та ямар байр суурьтай байна вэ?
- Би шалгах байгууллагад бүрэн шалгуулна. Шалгадаг байгууллага нь мэргэжлийнхээ дүгнэлт гаргаж, би хууль зөрчөөгүй гэдгээ баталж чадна. Надад буруу хийсэн зүйл байхгүй.
Хэрвээ үнэхээр хууль зөрчөөгүй бол шалгуулж л таарна, шударга байгаасай