Астанад усны ирээдүйн талаар чухал зөвлөлдөх уулзалт боллоо
Олон улсын усны байгууллага байгуулах асуудлаарх зөвлөлдөх уулзалт Казахстан улсын Астана хотод RES2026 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдлаа.
Өнөөдөр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, ган, үерийн давтамж нэмэгдэж, хил дамнасан усны маргаан, цэвэр усны хомсдол улам хурцдаж байгаа нөхцөлд эдгээр асуудлыг улс орнууд дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон байна. Иймээс энэхүү уулзалт нь усны хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улс орнууд хамтран шийдвэрлэх, хил дамнасан гол мөрөн, усны нөөцийн зохистой менежментийг сайжруулах, мөн олон улсын нэгдсэн байгууллага байгуулах боломжийг судлахад чиглэжээ.
Үүнээс гадна уулзалтаар санхүүжилт, бодлого, технологийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох асуудлыг ч хэлэлцсэн байна.
Монголын тал бодит хэрэгжилттэй, хүртээмжтэй байгууллага байгуулахыг чухалчилж байна
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхтамир үг хэлэхдээ, “Олон улсын усны байгууллага байгуулах санал нь бодит үндэслэлтэй, чухал санаачилга гэж Монгол Улсаас үзэж байна. Тус байгууллага нь НҮБ-ын систем болон олон улсын оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын усны засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой. Мөн усны байгууллага нь бодит хэрэгжилттэй, хүртээмжтэй, улс орнуудын онцлог нөхцөлд нийцсэн байх нь чухал. Олон улсын механизм, санаачилгуудыг давхардуулах бус, тэдгээрийг нөхөж, бэхжүүлэх зарчмыг баримтлах, оролцооны тэнцвэр, хүртээмжийг хангах шаардлагатай.
Түүнчлэн Олон улсын усны байгууллага байгуулах санал нь Монгол Улс наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-ын үеэр дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” буюу түүний хүрээнд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” гэсэн санаачилгуудтай уялдаж, бодит хэрэгжилтийг урагшлуулах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн байгууллага байгуулахад өндөр оролцоотой байна” гэдгийг онцолсон байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, Монгол Улс энэ санаачилгыг зүгээр дэмжихээс илүүтэй, бодит хэрэгжилттэй олон улсын механизм бий болгох үйл явцад идэвхтэй оролцох байр суурьтай байгаа аж.