Америкийн технологийн тэрбумтан, Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос болон телевизийн хөтлөгч Лорен Санчес энэ амралтын өдрүүдэд Италийн үзэсгэлэнт Венец хотод хуримаа хийж байна. Гурван өдөр үргэлжлэх хуримд Ким Кардашян, Мик Жаггер, Леонардо ди Каприо зэрэг алдартнууд оролцож, 200 орчим зочин хуримын арга хэмжээгээ тэмдэглэжээ.
Лорен Санчесын амжилттай замнал
Лорен Санчес нь Мексик гаралтай бөгөөд 1969 онд Нью Мексикод төрж, Калифорнид өссөн. Тэрээр залуудаа хүнд нөхцөлд амьдарч байсан бөгөөд нэгэн ярилцлагадаа, “Бид хоосноос амьдралаа эхэлсэн. Эмээгээ айлын гэр цэвэрлэж байхад би автомашиных нь арын суудалд унтаж байдаг байсан” гэж хуваалцаж байжээ. Санчес нисэх онгоцны бүхээгийн ажилтнаар ажиллах хүсэлтэй байсан ч илүүдэл жинтэй гэж шалгалтад тэнцээгүй байна. Тэрээр Өмнөд Калифорнийн Их Сургуулийг сэтгүүлзүйн мэргэжлээр төгсөж, 1994 оноос телевизийн салбарт ажиллаж эхэлсэн.
Тэрээр Fox Sports Net, Extra, Good Day LA зэрэг томоохон телевизийн сувагт ажиллаж, 1999 онд Эмми шагнал хүртсэн юм. Мөн 2003 онд “Open Your Eyes” сэтгүүлийн нүүрэнд “Америкийн хамгийн халуухан мэдээний хөтлөгч” хэмээх гарчигтай хөрөг нь нийтлэгдэж байжээ.
Мэргэжлээ сольсон нисдэг тэрэгний нисгэгч
Санчес 40 насандаа мэргэжлээ сольж, нисдэг тэрэгний нисгэгч болж байв. Түүний аав нислэгийн сургагч байсан бөгөөд 2016 онд тэр “Black Ops Aviation” компанийн үүсгэн байгуулагч болж, агаарын зураг авалтын компани эзэмшсэн анхны эмэгтэй болж байжээ. Тус компани нь Netflix, Amazon зэрэг компаниудад туслан гүйцэтгэгчээр ажиллаж, Кристофер Ноланы “Dunkirk” кинонд зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Сансарт ниссэн амжилт
2022 оны эхээр Санчес, Безосын “Blue Origin” компанийн New Shepard хөлгөөр сансарт нисэхэд түүхэнд анх удаа бүхэлдээ эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн юм. Санчес нислэгийн дараа, “Бидэнд байгаа цорын ганц гарагаа хамгаалцгаая” гэж хэлж байжээ.
Хувийн амьдрал болон хурим
Санчес гурван хүүхэдтэй. Тэрээр 2001 онд NFL-ийн тоглогч асан Тони Гонсалесын хүүг төрүүлсэн бөгөөд сүүлд Холливүүдийн агент Патрик Уитселтэй гэрлэхэд хоёр хүүхэдтэй болж байжээ. “Black Ops Aviation” компани нь “Blue Origin”-ийн пуужингийн нислэгийн зургийг авах үеэр Санчес болон Безос танилцсан гэдэг.
Безос анхны гэргий Маккензи Скоттоос салсны дараа 2019 оны эхээр Санчес хоёрын дотно харилцааны талаар цуурхал тарж эхэлсэн бөгөөд хожим нь тэд гэр бүлээ салгаж, хамтдаа удаан хугацааны харилцаанд орсон байна. 2023 онд тэд Италийн эрэг дээр сүй тавьсан баярын үеэр хуримынхаа талаар зарласан юм.