Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй 3х3 төрлийн Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг гайхамшигт амжилт үзүүлж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд хүчтэйгээр орлоо. Тэд тэмцээний аваргын төлөө Нидерландын багтай оноолт тааран, 15:9 харьцаатай хожигдсон ч, Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
Энэхүү амжилт нь Монгол Улс багийн спортын төрлөөр, тэр дундаа олимпын төрөлд тооцогддог багийн ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн тохиолдол бөгөөд үүгээрээ спортын түүхэнд шинэ хуудас нээсэн явдал болов. Эмэгтэй шигшээ багийн тамирчид олон улсын түвшинд хурц тоглолтоо харуулж, үзэгчдийн талархлыг хүлээгээд зогсохгүй, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг ч татаж эхлээд байна.
Тэмцээний хүрээнд манай шигшээ баг өчигдөр АНУ-ын багтай шөвгийн наймд тулж, тэднийг буулган авсан нь тэмцээний хамгийн онцлох мөчүүдийн нэг байв. Харин өнөөдөр тэд шөвгийн дөрөвт Польшийн шигшээтэй тоглож, 18:17 гэсэн өндөр онооны зөрүүтэй, туйлын ширүүн тоглолт хийлээ. Тоглолтын нэмэлт үед Б.Ариунцэцэг хоёр онооны шийдвэрлэх шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр Монгол Улс аваргын төлөө тоглох эрхээ авсан юм.
Энэ тоглолт нь зөвхөн манай улсын хувьд түүхэн амжилт болоод зогсохгүй, Польшийн баг ч өөрийн ДАШТ-д оролцсон түүхэндээ анх удаа шөвгийн дөрөвт шалгарсан гэдгээрээ онцлог байв.
Нидерландын эсрэг аваргын тоглолт өнөө орой Төв талбайд болж, олон мянган үзэгчийн өмнө манай багийн охид зүтгэл, ур чадвараа дахин харуулсан. Тэд түрүү байрын төлөө хатуу өрсөлдөөн үзүүлсэн ч, 15:9-ийн дүнтэй тоглолтоор дэд байрт бичигдлээ. Хэдий тийм боловч Монголын эмэгтэй шигшээ багийн энэхүү медаль нь залуус, охид бүсгүйчүүдэд спортын замналаар тэмүүлж болохыг бодитоор харуулсан бахархалт түүх юм.
Гэрэл зургуудыг MPA агентлагийн онцгой зөвшөөрлөөр нийтэлсэн болно.