Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль амжилттай өндөрлөлөө. Монголын соёлын биет бус өв, угсаатны бүлгийн онцлогийг сурталчлан таниулах зорилготой уг наадамд 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид оролцов.
Шагналын эзэд
- Тэргүүн байр: Нийслэл Улаанбаатар – 100,000,000 төгрөг
- Дэд байр: Ховд аймаг
- Гуравдугаар байр: Өвөрхангай аймаг
- Дөрөвдүгээр байр: Хөвсгөл болон Дундговь аймгууд
Фестивалийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон бусад эрхэм зочид оролцож, шилдэг өвлөн уламжлагчдад шагнал гардууллаа.
Гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” фестивальд хүрэлцэн ирсэн оролцогчид, Монголын ард түмэн болон олон улсын зочдод талархал илэрхийллээ.