2025 оны наймдугаар сарын 28-ны байдлаар зарим гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэл үүсээд байна. Туул голын Лүн сумын орчим болон Улз голын Эрээнцав боомтын хэсэгт усны түвшин өмнөх өдрөөсөө 20-25 см-ээр нэмэгджээ.
Мөн Улз голын Дашбалбар, Чулуунхороот сумын орчимд усны түвшин үерийн босго хэмжээнээс 10-20 см давсан байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр наймдугаар сарын 28-нд баруун болон зүүн аймгуудын зарим нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байна. Үүний улмаас дээрх бүс нутгаар дайран өнгөрөх гол мөрний усны түвшин хур тунадасны эрчим, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, мөн хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух аюултай.
Иймд ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер усны аюулаас онцгойлон болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.