Хаврын уралдааны тов, ангиллыг албан ёсоор зарлав
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан 2026 оны тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг дахь Цагаан хөтөлд зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явагдах бөгөөд уяачид болон хурдан морь сонирхогчдыг өргөнөөр оролцохыг уриалсан байна.
Мөн тус хаврын уралдаан нь энэ жил улсын бүсийн зэрэглэлгүйгээр болохыг онцлон мэдээлжээ.
Бүсийн уралдааны санал Засгийн газарт хүргэгдсэн байна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасны дагуу Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчид 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, аймаг болон салбар холбоодоос ирүүлсэн улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай саналуудыг хэлэлцсэн байна.
Улмаар 2026 оны долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ. Үүнд Говийн бүсэд Дундговь аймаг, Зүүн бүсэд Сүхбаатар аймаг, Баруун бүсэд Завхан аймаг, Төвийн бүсэд Сэлэнгэ аймаг багтаж байна.
“Дүнжингарав-2026” бүсийн ангилалд хамаарахгүйг тайлбарлав
Дээрх хуулийн зохицуулалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны төрөлд багтахгүй, харин Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит уралдаан хэлбэрээр энэ жил явагдах юм байна.
Хэрэв энэхүү хаврын уралдааныг Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаан болгон зохион байгуулахаар шийдвэл өмнө нь нэр дурдсан дөрвөн бүсийн уралдааны аль нэгийг хуулийн хүрээнд явуулах боломжгүй нөхцөл үүсэхийг мөн анхааруулжээ.
Иймээс уяачдыг холбогдох хууль, зохицуулалтыг зөвөөр ойлгож, тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүссэн байна.
