Сурагчдын 65.5 хувь нь ХПВ-ийн вакцинд хамрагджээ

Нийслэл өсвөр насныхны вакцинжуулалтыг эрчимжүүлж байна

Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог хүний папиллома вирусийн эсрэг вакцинд өсвөр насныхны хамрагдалтыг идэвхтэй нэмэгдүүлж байна. Үүнтэй зэрэгцэн хеликобактерийн халдвараас сэргийлэх, халдварын түвшинг бууруулах чиглэлтэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэв. Улаанбаатар хотын хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллаж байгаа юм.

ХПВ-ийн эсрэг вакцинжуулалт богино хугацаанд огцом өсөв

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван томоохон ажил төлөвлөсөн. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан. Энэ жил НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажилласны үр дүнд уг вакцинжуулалтыг нэг сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргээд байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Үргэлжлүүлэн 2023-2025 онд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр 2026 оны төгсгөлд вакцинжуулалтыг 250 хувьд хүргэхийг зорьж байна. 2007 оноос уг вирусийн эсрэг вакциныг 24 сая хүн амтай Австрали улс албан ёсоор товлолт вакцинаар тарьж эхэлсэн. 20 жилийн дараа тус улс вирусийн тархалтыг бараг зогсоож чадсан. 24 сая хүн амтай, үүний тал нь эмэгтэйчүүд гэж үзэхэд тус улсад жилд 200 хүрэхгүй папиллома вирусээс үүдэлтэй тохиолдлууд гарч байна. Вакцин тариулаагүй эсэргүүцсэн хүмүүсийг эс тооцвол тус улс вирусийн тархалтыг үндсэндээ зогсоосон. Харин Монгол Улсын хувьд 1.6 сая эмэгтэйчүүдтэй боловч жилд 250-280 хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаа нь маш өндөр тоо” гэдгийг хэллээ.

Хеликобактерийн халдварыг бууруулах олон жилийн төсөл хэрэгжинэ

Түүнчлэн НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр 3-4 жилийн хугацаатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний шатанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хеликобактерийн шинжилгээ авч, халдварын тархцыг тогтоохоор төлөвлөжээ. Үүний дараа эмчилгээний ажлыг эхлүүлэх юм.

Ариун цэврийн дэглэмийг чанд сахих шаардлагыг онцлов

Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлж, тархалтыг бууруулахын тулд сургууль, цэцэрлэг болон ахуйн орчинд ариун цэврийн дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатайг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон байна. Тэрбээр “Хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ гэр бүлийн орчинд ч тусдаа байх ёстой. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн орчин гээд аяга таваг, халбага сэрээгээ хольж болохгүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөж байна. Монгол Улсад зөвхөн 2025 онд элэгний хавдраар 1500 гаруй хүн нас барсан. Хеликобактераас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр сэргийлэх боломжтой хавдраар мянга мянгаараа нас барна гэдэг үнэхээр харамсалтай, байж болохгүй зүйл” гэв.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг мөн хэрэгжүүлнэ

Нийслэлийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гурав дахь томоохон ажил нь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр аж. Энэхүү хөтөлбөрийг хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр зорьж байгаа бөгөөд эхний шатны үр дүнгийн талаар тун удахгүй мэдээлнэ гэдгийг А.Амартүвшин мэдэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа баталгаажуулав

Мэдээллийн төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг баримт бичгийн хүрээнд талууд хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд болон хүүхэд хамгааллын чиглэлээр урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар тохиролцсон талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу