Н.Учрал: Засгийн газар цахим эдийн засгийг хувийн хэвшилд түшиглэн тэлнэ

Цахим хөгжилд суурилсан эдийн засгийн шинэ чиглэлийг танилцуулав

Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны эхний хуралдаан болж, Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, мөн мэдээллийн технологийн салбарын төлөөлөл оролцон байр суурь, санал хүсэлтээ илэрхийллээ.

Н.Учрал өмнө нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байх үедээ өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны зургаадугаар сард УИХ-аар батлагдсан юм. Ингэснээр энэ салбарыг төрөөс дэмжих эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангах гол механизм нь Үндэсний зөвлөл болж байгаа юм. Тус хууль нь дотоодын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг өсгөх зорилготой байна.

Монголын цахим шилжилтийн үзүүлэлт ахисныг онцлов

НҮБ-ын 2024 оны Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 46 дугаарт эрэмбэлэгдэж, 2022 онтой харьцуулахад 28 байр урагшилжээ. Мөн E-Participation Index үзүүлэлтээр 37 дугаарт бичигдсэн байна. Е-Mongolia платформ 2023 онд Open Government Partnership-ын шагналын хөтөлбөрөөс хүндэт үнэлгээ хүртсэн бөгөөд энэ платформоор дамжуулан 89 байгууллагын 1269 үйлчилгээг нийт 102 сая удаа үзүүлжээ.

Өнөөдөр иргэдийн 80 хувь нь Е-Mongolia платформыг ашиглаж байгаа бөгөөд үүний үр дүнд иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн гэж үзэж байна. Энэ нь Монгол Улс төрийн үйлчилгээний дижитал шийдэл, интеграц, платформын туршлагаа цаашид зөвлөх үйлчилгээ, платформын шийдэл, хэрэгжилтийн загвар хэлбэрээр бусад улсад гаргах бүрэн боломжтой болсныг харуулж байна.

Хувийн хэвшилд илүү өргөн боломж олгох бодлого баримтална

Хурлын үеэр төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд илүү өргөн орон зай гаргах нь нийгэм, эдийн засагт илүү эерэг үр дүн авчирна гэдгийг онцолсон байна. Үүний жишээ болгон Узбекистан IT Park Uzbekistan-аа дэмжсэний үр дүнд 2024 оны эцсээр 2600 компани 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй ажилласан талаар дурдав. Мөн 2025 оны эцэст тус улс мэдээллийн технологийн үйлчилгээгээ 90 гаруй улсад экспортолжээ. Казахстаны Astana Hub-ын мэдээллээр 2025 оны байдлаар тус улсын IT үйлчилгээний экспорт 633.8 сая ам.долларт хүрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4119 байгууллагад 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй байгаа аж. Мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг төр, 27 хувийг хувийн хэвшил хариуцаж байгаа бол сүүлийн арван жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, мөн гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэлт, дэд бүтцийн чадавхыг сайжруулахад зарцуулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал, “Мэдээллийн технологийн салбар төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжинэ. “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлахын төлөө ажиллана. Төр зөвхөн замыг нь, замын хөдөлгөөний дүрэмтэй нь тогтоож өгнө. Төр хөгжүүлэгч биш зохицуулагч байна. Төр систем хөгжүүлэхгүй байх тогтоолыг Засгийн газар гаргасан. Ирэх оны төсөвт хөгжүүлэлтийн зардал тавихгүй. Бид дэлхийн жишгийг дагана” гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, чөлөөт өрсөлдөөн бий болсноор чанар, хурд, инновац зэрэг бодит өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна.

Засгийн газар бодлогын хэд хэдэн гол чиглэлд төвлөрнө

Засгийн газар цаашид төр бүх үйлчилгээнд аппликэйшн, систем өөрөө хөгжүүлэх загвараас татгалзаж, нээлттэй API, нэгдсэн стандарт, мэдээлэл солилцооны дэд бүтцэд суурилсан хэлбэрт шилжихээр төлөвлөж байна. Мөн төрийн мэдээллийн сан, API, дижитал дэд бүтцийг нээлттэй, аюулгүй, стандарттай болгож, хувийн хэвшил түүний суурин дээр өөрсдийн программ хангамж, шийдлээ хэрэгжүүлэх боломжтой болгоно.

Үүний зэрэгцээ төр худалдан авалт, захиалгын бодлогодоо үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг түлхүү дэмжихээр зорьж байна. Түүнчлэн олон сувгийн үйлчилгээг нээснээр төрийн өгөгдөл, стандарт дээр суурилсан өрсөлдөөнт орчин бий болж, хувийн хэвшлүүд илүү хүртээмжтэй, оновчтой шийдэл боловсруулна гэж үзжээ.

Мөн төр хувийн хэвшлийн хийж чадах, өрсөлдөөнөөр чанар нь сайжрах боломжтой үйлчилгээнд дахин оролцохгүй байх, ингэснээр зах зээл дэх монопол шинжийг арилгахыг зорьж байгаа юм. Үүнээс гадна хуулийн саадыг бууруулах чиглэлээр татварын бус дэмжлэгийн санхүүжилтийн хуулийн хэрэгжилтийг эхлүүлэх, хуулийн этгээдүүдтэй цахимаар байгуулах гэрээний загварыг батлах, эрх зүйн баримт бичгийг албажуулах, мөн төрийн байгууллагууд дээр саатаад буй асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.

Хувийн хэвшлээс шимтгэлийн хөнгөлөлт, хамрах хүрээний санал гарчээ

Өнөөдрийн хурал нь тус зөвлөлийн гурав дахь, харин 2026 оны анхны хуралдаан байв. Хуралдааны үеэр Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, салбарын хамрах хүрээг өргөжүүлэх, виртуал бүсэд ямар компаниудыг бүртгэхийг тодорхой болгох, мөн салбарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх зэрэг саналыг хувийн хэвшлийн төлөөллүүд гаргажээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Ерөнхий сайдын онцолсон ажлуудыг зөв, цэгцтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад чиглүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн талаар ЗГХМОНХГ мэдээллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу